/2024.04.02/: Дамаск дахь Ираны консулын газар луу Израилын тал агаарын цохилт өгсөн байна.
Энэ үеэр амиа алдсан долоон хүний дотор Исламын хувьсгалт гвардийн корпусын хоёр командлагч байсан бөгөөд Ираны зүгээс уг үйл явдлын хариуг өгөхөө амлалаа.
Халдлагын үеэр IRGC-ын элит Кудс хүчний ахлах командлагч, бригадын генерал Мохаммад Реза Захеди болон түүний орлогч генерал Мохаммад Хади Хажриахими нар алагдсан гэж IRGC даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Халдлагын улмаас таван хүн, түүний дотор гурван цэргийн албан хаагч амиа алдсан гэж Ираны Элчин сайд Хоссейн Акбари мэдэгдэв.
Тэрээр Тегераны хариу арга хэмжээ "шийдвэртэй" байх болно гэжээ.
Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан энэхүү халдлагыг “олон улсын бүх үүрэг, конвенцийг зөрчсөн үйлдэл” гэж тодорхойлж, Израилыг буруутгажээ.
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канани "Иран хариу арга хэмжээ авах эрхтэй бөгөөд ямар төрлийн хариу арга хэмжээ авах, түрэмгийлэгчийг шийтгэх асуудлыг дотроо шийднэ" гэж мэдэгдэв.
Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Мекдад “террорист халдлагыг” буруушаалаа.
Сирийн төрийн мэдээллийн SANA агентлагаас иш татан Мекдад мэдэгдэлдээ, "Дамаск дахь Ираны консулын байрыг онилсон, олон гэм зэмгүй хүмүүсийг хөнөөсөн энэхүү аймшигт террорист халдлагыг бид эрс буруушааж байна" гэжээ.
Орос Израилыг "хүлээн авах боломжгүй" халдлага үйлдсэн гэж буруутгав.
Сири дэх Ираны консулын төлөөлөгчийн газрын эсрэг хийсэн энэхүү хүлээн зөвшөөрөгдөөгүй халдлагыг бид хатуу зэмлэн буруушааж байна” гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
Халдлагын талаар Израилын цэргийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд "Бид гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд тайлбар хийхгүй" гэж мэдэгджээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер сэтгүүлчдэд хэлэхдээ, "АНУ бүс нутагт мөргөлдөөнийг хурцатгах эсвэл улам бүр нэмэгдүүлэх аливаа зүйлд санаа зовж байна" гэжээ.
Энэхүү дайралт нь олон улсын эмээж байсан үр дүнг авчирч, одоо өрнөөд буй дайныг бүс нутгийн хэмжээнд авчирч магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Aljazeera