Монгол дохионы хэлмэрч мэргэжлээр 20 хүн төгсөж, үнэмлэхээ гардлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол дохионы хэлмэрч мэргэжлээр 20 хүн төгсөж, үнэмлэхээ гардлаа

/2024.03.15/: 2023-2024 оны хичээлийн жилд Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургуульд “Монгол дохионы хэлмэрч” мэргэжлээр 20 иргэн 2 жилийн хугацаатай суралцан төгсөж, өнөөдөр буюу 2024 оны 03 сарын 15-ны өдөр мэргэжлийн үнэмлэхээ авч байна.

Хүний эрхийг дээдэлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа анхны төгсөгчдөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

Сонсголгүй хүний эрхийг хангах, сурч боловсрох, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцоход мэргэжлийн дохионы хэлмэрчийн зайлшгүй шаардлага байнга тулгарч байдаг. Монгол дохионы хэлмэрч бэлтгэх сургалтын стандарт, хөтөлбөр, ном, сурах бичиг, гарын авлага ч эрэлт хэрэгцээтэй байсаар ирсэн.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр “Монгол дохионы хэлний хэлмэрч” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх Сургалтын хөтөлбөрийг СЗСҮТ-ийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургууль, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ, Сонсголгүйн боловсрол ТББ, Тэгш тусгал ТББ, Сонсголгүй иргэдийн ТББ, Диф клуб, 29-р тусгай сургууль, сонсголгүй иргэдийн төлөөлөлтэй хамтран боловсруулсан юм.

Тус хөтөлбөрөөр 2 жилийн хугацаатай “МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ ХЭЛМЭРЧ” мэргэжлээр монгол дохионы хэлний орчуулагч, тусгай сургуулийн багш, ажилтан, орон нутгийн ХБИ-ийн холбооны гишүүд, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд зэрэг нийт 20 иргэн хамрагдан суралцлаа.

Эх сурвалж: ХНХЯ

Малчдад туслах аянд зам, тээврийн салбарынхан нэгдэж 555 сая 200 мянган төгрөг хандивлажээ
Малчдад туслах аянд зам, тээврийн салбарынхан нэгдэж 555 сая 200 мянган төгрөг хандивлажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.