/2024.03.01/: Монголын Бэлчээрийн менежментийн холбоо (МБМХ) бэлчээрийн болон мал аж ахуйн менежментийг боловсронгуй болгох замаар хөрсөн дэх нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэн нүүрсхүчлийн хийн сайн дурын зах зээлийн хүрээнд байгалийн бэлчээрт үндэслэгдсэн төслийг хэрэгжүүлж байна.
Төсөлд хамрагдсан гурван суманд бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлж, малын тоо толгойг зохистой түвшинд байлгаснаар 580 мянган га бэлчээрт жилд 180 мянган тонн CO2 (нүүрсхүчлийн хийг) агаараас хөрсөнд шингээн хуримтлуулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ.
Төслийн хүрээнд 122 орчим малчин өрхтэй хамтран ажиллаж, нийт 78,500 га бэлчээрийг сайжруулжээ.
Төслийн үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарлыг бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах, малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг сайжруулах, малын тоо толгойг жил тутам 1-5 хувиар бууруулж, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх замаар хөрсөнд хуримтлагдах нүүрстөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, нүүрстөрөгчийн сайн дурын зах зээлд оролцон малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Төсөлд Архангай аймгийн Их тамир сумын Хонгор овоо Бэлчээр ашиглалтын хэсэг, Төв аймгийн Өндөрширээт сумын Их ам Бэлчээр ашиглалтын хэсэг болон Баянхонгор аймгийн Богд сумын Дулаан хайрхан малчдын бүлэг хамрагдсан бөгөөд нийт 122 орчим малчин өрхтэй хамтран ажиллаж, нийт 78,500 га бэлчээрийг сайжруулжээ.
Эх сурвалж: БОАЖЯ