Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс худалдаалж эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс худалдаалж эхэлнэ

/2024.02.29/: Засгийн газрын өчигдрийн хуралдаанд хаваржилтын нөхцөл байдал, шуурхай бүлгүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцуулсан.

Үүнтэй холбогдуулан өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах багц шийдвэрийг гаргасан юм.

Тодруулбал, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн нөөц дэх 10.200 тн, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9000 тн тэжээлийн буудай, малын тэжээлийг тус тус татан төвлөрүүлж төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгож, орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдын Засаг даргын тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж, хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгав.

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулах, мөн нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс эхлэн худалдаалах шийдвэр гаргалаа.

Түүнчлэн арилжааны банкууд дахь малчдын 1.2 тэрбум төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг жилээр хойшлуулж, зээлийн хүүг зургаан хувь байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцан төлөх асуудлыг судлан Монгол банк, арилжааны банкуудтай зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.

Эх сурвалж: ОБЕГ

“Халуун сэтгэл” аяны хүрээнд цугларсан хандивыг УОК-т хүлээлгэн өглөө
“Халуун сэтгэл” аяны хүрээнд цугларсан хандивыг УОК-т хүлээлгэн өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.