Нүүрснээс устөрөгч гаргах төсөлд хамтарч ажиллах нь Монгол Японы харилцаанд нэн чухал гэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрснээс устөрөгч гаргах төсөлд хамтарч ажиллах нь Монгол Японы харилцаанд нэн чухал гэв

/2024.02.08/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав.

Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсон Элчин сайд М.Игавахарад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэхийн сацуу Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад буйд гүн эмгэнэл илэрхийлж, Монголын ард түмэн Японы ард иргэдтэй сэтгэл зүрхээрээ хамт байгааг тэмдэглэлээ.

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан идэвхтэй өрнөж ирсэн ба эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх “Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг Ерөнхий сайд онцлов.

Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулж, Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” болох Япон Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. Мөн Ерөнхий сайд нүүрснээс ус төрөгч гарган авах төсөл, Хөшигийн хөндийд бий болох шинэ хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд М.Игавахара Монгол Улстай хөгжүүлж буй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа хоёр талын эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх төслүүдэд Япон Улс хамтарч ажиллахад бэлэн байгааг, аялал жуулчлалыг хөгжүүлэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж буйг тэмдэглэлээ.

Мөн Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын техникийн хамтын ажиллагааны төслийг эхлүүлсэн. Цаашдаа шинэ хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах тал дээр нарийвчлан ярилцах нь чухал байна гэв. Түүнчлэн нүүрснээс устөрөгч гарган авах төсөл дээр хамтарч ажиллах нь Монгол Японы харилцаанд нэн чухал гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ.

18-30 насныхны дунд шээс, бэлгийн замын өвчин их байна
18-30 насныхны дунд шээс, бэлгийн замын өвчин их байна
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.