/2024.02.06/: Их Британийн хаан III Чарльз хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд эмчилгээ хийлгэж байх хугацаандаа олон нийтийн өмнө хүлээсэн үүргээсээ татгалзана гэж Букингемийн ордон өчигдөр мэдэгдлээ.
75 настай Чарльз өнгөрсөн сард түрүү булчирхайн томролыг засах мэс засал хийлгэхээр Лондонгийн эмнэлэгт очсоноор түүний шинжилгээнээс хорт хавдар илэрсэн байна.
Хааны эх сурвалж CNN-д хэлэхдээ, илэрсэн хорт хавдрын хэлбэр нь түрүү булчирхайн хорт хавдар биш бөгөөд одоогоор нарийвчилсан шинжилгээ хийж байгаа гэв.
"Эрхэмсэг ноёнд зориулсан эмчилгээний хуваарь гаргаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд эмч нар түүнд олон нийтийн өмнө хийх ажлаа хойшлуулахыг зөвлөсөн" гэж ордноос мэдэгдэв.
"Тэрээр эмчилгээ хийлгэснээр эдгэрнэ гэдэгтээ итгэж байгаа бөгөөд аль болох хурдан төрийн үүрэгт ажилдаа эргэн орохыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
"Эрхэм дээдэс оношоо бусдад ил болгохоор шийдсэн бөгөөд энэ нь хорт хавдартай дэлхийн бүх хүмүүст сэтгэлийн дэм өгөхөд тусална" гэж ордон дүгнэжээ.
Эх сурвалж: CNN