/2024.01.24/: Урьд шөнө Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр зам тээврийн ноцтой осол гарсны улмаас томоохон хэмжээний гал гарч, дэлбэрэлт үүссэн.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Тухайн галд хамгийн их өртсөн 207-р байранд нийт 56 айл бүртгэлтэй, 178 иргэн тухайн байранд оршин суудаг байна. Урьд шөнийн байдлаар ГССҮТ-д 14 иргэн, Цэргийн төв эмнэлэгт 2 иргэн, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 2 иргэн, ЭХЭМҮТ-д 3 хүүхэд ирж тусламж үйлчилгээ авсан.
ГССҮТ-ийн салбар эмнэлэгт 14 хүн тусламж үйлчилгээ авснаас 4 хүний биеийн байдал харьцангуй байсан учраас салбар амбулаторийн хяналтад байлгахаар илгээсэн. 10 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 5 нь эрчимт эмчилгээний тасагт, 5 нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал нилээн хүнд, 3, 4-р зэргийн түлэгдэлттэй байгаа тул шаардлагатай эмчилгээнүүдийг хийж байна.
Мөн иймэрхүү үед айсан сандарсан үе нилээд гардаг учраас СЭМҮТ-ээс баг гарган ажиллаж байна гэв.