/2024.01.11/: УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
2024 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэх үеэр санал хураалтыг хойшлуулаад байсан юм.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахаар товлосон ч Монгол Улсын эрх ашигт нийцсэн хуулийг батлах шаардлагатай хэмээгээд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага хүсэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл чухал ач холбогдолтой. Төлбөрийн тэнцлийг сайжруулах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, технологи нэвтрүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, ажилгүйдлийг бууруулах гээд олон талын ач холбогдолтой. Гэвч төслийн талаар маргаж, мэтгэлцэж, Улсын Их Хурлын гишүүд төдийгүй Засгийн газрын гишүүд зөрүүтэй байр суурьтай байна. Тиймээс сайн хэлэлцэж, ард иргэдэд зөв мэдээлэл, ойлголтыг өгөх нь зүйтэй” гээд ажлын 3 хоногийн завсарлага өглөө.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.