/2024.01.11/: Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах, ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх” зэрэг бодлогын зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.
Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нутгийн удирдлагын байгууллагуудтай хамтран Хууль тогтоомж сурталчлах төвийг орон нутагт үе шаттайгаар байгуулж байна. Тодруулбал, өнгөрөгч онд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг байгуулсан билээ.
Улсын Их Хурлын Тамгын газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран дөрөв дэх Хууль тогтоомж сурталчлах төвийг Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байгуулж, өчигдөр нээлтээ хийлээ.
Хууль тогтоомж сурталчлах төв нь Улсын Их Хурал, Засгийн газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг иргэдэд танилцуулах, эрх зүйн мэдлэг олгох, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулна.
Үүний зэрэгцээ ЕБС-ийн сурагч, их, дээд сургуулийн оюутнууд, өсвөр үеийнхэнд ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч, Парламентын боловсрол хөтөлбөрийг танилцуулах, оролцоог хангахад чиглэж ажиллах юм.
Ташрамд тэмдэглэхэд, Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу дараагийн Хууль тогтоомж сурталчлах төвийг ирэх сард Орхон аймагт байгуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: УИХ