/2023.12.21/: Өнөөдөр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буангантай уулзлаа.
АНУ-руу шууд нислэгтэй болох ажлыг хариуцсан ажлын хэсэг байгуулагдаж 106 арга хэмжээ бүхий багц ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байгаа.
Уг ажлын хэсэг ирэх оны гуравдугаар сард АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-наас хийх Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт (IASA), Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-ны аудитад хамрагдахад шаардлагатай ажлуудыг хийж байгаа аж.
Уг шалгалтуудыг амжилттай давж чадвал ирэх оны зургаадугаар сараас өмнө АНУ руу шууд нислэгээ эхлүүлэх боломж бүрдэх юм.
Энэ тал дээр онцгой дэмжиж ажиллахыг Элчин сайд Ричард Буанганаас ЗТХ-ийн сайд хүслээ.