/2023.12.18/: “Монгол ур чадвар 2023” тэмцээн мужаан, сантехник, цахилгаан, график дизайн, гагнуур, CNC токарь, өрөг угсрагч, тогооч мэргэжлээр зохион байгуулагдаж үндэсний ялагчдаа тодрууллаа.
“Монгол ур чадвар тэмцээн” нь мэргэжлийн боловсрол сургалтын салбарын суралцагчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын чанарыг дээшлүүлэх, бэлтгэн гаргаж буй мэргэжилтний үнэлэмжийг өсгөх, мэргэжлийн бахархлыг бий болгох зорилготой.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн Боловсрол сургалт түншлэл ТББ болон мэргэжлийн Холбоодууд хамтран 2013 оноос тогтмол зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээний эхний шат 2023 оны тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болж нийт 138 суралцагч ур чадвараараа өрсөлдсөн юм.
Хоёрдугаар шат 10-р сарын 2-3-ны өдрүүдэд болж мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын 17 байгууллагын 41 суралцагч шалгарч гуравдугаар шатанд өрсөлдөх эрхээ авсан. Энэ жилээс график дизайнч мэргэжлээр үндэсний ялагч тодруулахаар нэмсэн нь онцлогтой байв. Мөн мэргэжил тус бүр дээр эксперт багш нарыг шинээр шалгарууллаа. Сүүлийн шатны тэмцээнийг 12 дугаар сарын 13-15-ний өдрүүдэд зохион байгуулав.
“МОНГОЛ УР ЧАДВАР 2023” ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРАХАД:
CNC ТОКАРЬ мэргэжлийн төрөлд
- Барилгын Политехник Коллежийн оюутан А. Нямбаяр
ГАГНУУР мэргэжлийн төрөлд
- Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оюутан Б.Чухал
ӨРӨГ УГСРАЛТ мэргэжлийн төрөлд
- Барилгын Политехник Коллежийн оюутан Ш.Өсөхбаяр
ЦАХИЛГААН мэргэжлийн төрөлд
- Налайх дүүрэг дэх Политехник Коллежийн оюутан Б.Хишигт
МУЖААН мэргэжлийн төрөлд
- Ховд Хөгжил Политехник Коллежийн оюутан Н.Буд
ТОГООЧ мэргэжлийн төрөлд
- - Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн оюутан Ц.Тэмүүлэн,
САНТЕХНИК мэргэжлийн төрөлд
- Барилгын Политехник Коллежийн оюутан Ш.Мөнгөншагай,
ГРАФИК ДИЗАЙН мэргэжлийн төрөлд
- Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оюутан М.Жаргалцэцэг нар шалгарлаа.
Шилдгээр шалгарсан оролцогчид Бүгд Найрамдах Франц Улсад 2024 оны 9 дүгээр сард болох Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох юм.
Сонирхуулахад, манай улс 2015 оноос Дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. 2015 онд Бразил улсын Сан Паоло, 2017 онд АНЭУ-ын Абу Даби, 2019 онд ОХУ-ын Казаньд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцсон юм. 2017, 2019 онд гагнуурын төрөлд "Medallion of Excellence" буюу "Дэлхийн стандартыг хангасан шилдэг гүйцэтгэл", Шилдэг оролцогч шагналыг хүртэж байв.
“Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд Монгол Улс дөрөв дэх удаагаа оролцож токарь, гагнуур, өрөг угсралт, сантехник, тогооч, мужаан, цахилгаан угсралт зэрэг 7 төрөлд ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд өрөг угсралт мэргэжлийн тэмцээнд Барилгын политехник коллежийн эксперт багш Л.Эрдэнэчулуун, суралцагч О.Наранбаатар нар дэлхийн стандартыг ханган 708 оноогоор Medallion of Excellence болон Шилдэг оролцогч шагналыг хүртсэн амжилтуулыг үзүүлээд байна.
Эх сурвалж: БШУЯ