/2023.12.18/: АНУ-ын харилцаа холбооны зохицуулах газраас(FCC) SpaceX компанид АНУ-ын нутаг дэвсгэр дэх хэд хэдэн байршилд Starlink гар утасны сүлжээний туршилт хийх зөвшөөрөл олгов.
Өнгөрсөн пүрэв гарагт гаргасан уг шийдвэрт “туршилтын журмаар, түр хугацаанд” гар утасны давтамж ашиглахыг зөвшөөрсөн байгаа ба Starlink хиймэл дагуулаас T-Mobile компанийн гар утаснууд руу шууд долгион цацах юм. Туршилтын хугацаа нь 180 хоног буюу зургаадугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.
12 дугаарр сарын эхний 7 хоногт SpaceX компанид үүрэн холбооны Starlink систем ажиллуулах хэсэгчилсэн зөвшөөрөл өгсөн ба зөвхөн үүрэн холбооны антеннаар тоноглогдсон хиймэл дагуулуудыг л уг сүлжээнд ашиглах хязгаарлалттай байв. Ингэхдээ зөвхөн хиймэл дагуул дээрх антенн дэлхий рүү дохио илгээж, хүлээн авч болж байгааг л шалгахаас өөр бусад үйл ажиллагааг зөвшөөрөөгүй байжээ.
Харин өнгөрсөн пүрэв гарагийн зөвшөөрөл олгогдсоноор Starlink үүрэн холбооны систем нь T-Mobile компанийн үйлчилгээнд хамрагдсан, ямар нэгэн засвар өөрчлөлт оруулаагүй гар утасны сүлжээний 1910-1915 болон 1990-1995 МГц давтамж ашиглах үндсэн зорилгодоо хүрч байна гэсэн үг.
Туршилтын ажиллагаанд 840 хиймэл дагуул гар утасны сүлжээний антенний үүрэг гүйцэтгэж, дэлхий дээрх 2000 гаруй гар утас руу үүрэн холболтын долгион цацна. SpaceX туршилтаа 13 байршилд явуулах хүсэлт анх тавьсан ч, туршилт хийхийг хүссэн байршлуудын дотор радиоастрономийн зорилготой 12 байршил багтсан гэдгийг FCC-д мэдэгджээ.
Мөн туршилт хийх хүсэлтэд “Эдгээр 840 хиймэл дагуулаас өгөгдсөн мөчид 60 ширхэг нь нэгэн зэрэг АНУ-ын нутаг дэвсгэр дээрх гар утаснуудад долгион цацна” гэж дурдсан байгаа ба сонгосон байршлуудад Калифорни мужийн Маунтэйн вью, Канзас хот, Вашингтон мужийн Рэдмонд хот,Техас мужийн Даллас хот болон өөр бусад хэд хэдэн газар багтжээ.
Туршилтын үр дүнд SpaceX болон FCC аль аль нь Starlink хиймэл дагуулын үүрэн холболт нь АНУ-д үйл ажиллагаа явуулж буй бусад үүрэн холбооны операторууд болон хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгчдийн холболтын давтамжид нөлөөлж, давхцаж байгаа эсэхийг олж мэдэх юм. Тухайлбал, AT&T, Dish Network, Globalstar зэрэг компаниуд Starlink үүрэн холбооны давтамж өөрсдийнх нь хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж магадгүй гэж санаа зовинож байгаагаа мэдэгдсэн.
Харин SpaceX компани эдгээр мэдэгдлийг урт нийтлэл гарган үгүйсгэж, Starlink хиймэл дагуул радио давтамжийн эрсдэл үүсгэж, хэн нэгнийг хохироох гээгүй, харин амжилттай болвол АНУ-ын хэрэглэгчид л хожих зүйлийг турших гэж байна гэжээ. FCC тэдэнд туршилт хийх зөвшөөрөл олгосон ч туршилтын явцад давтамж давхцах, бусад байгууллагын хэвийн холболтод саад болсон аливаа тохиолдол илэрвэл энэ талаар FCC-д нэн даруй мэдэгдэж, туршилтыг зогсоох заалтыг зөвшөөрөлдөө оруулсан байна.
SpaceX компани T-Mobile болон бусад үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан үүрэн холбооны хиймэл дагуулуудаа 2024 онд нэмэлтээр хөөргөж, эхний ээлжинд зөвхөн мессеж илгээх, хүлээн авах туршилт хийх ажээ. Харин дуудлага, интернэт зэрэг боломжуудыг 2025 онд нэвтрүүлж эхлэх юм байна.
Эх сурвалж: pcmag.com