/2023.12.11/ Орон нутгийн хөгжлийн сан нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн.
Тухайн орон нутгийн иргэд нь өөрсдөө тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгодог юм. ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг.
Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 230 дугаар тогтоолоор батлагдсан ОНХНС болон ОНХС -аас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлалын дагуу тус сангийн хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт жил бүр хуваарилдаг. ОНХНС-д 2013-2021 онд нийт 1 их наяд 283,3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хийгдсэн бол 2022 онд 253,4 тэрбум төгрөг төлөвлөгдсөн байна.
Харин энэ жилийн тухайд УБ хотын хэмжээнд нийтдээ 47 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор нийслэлийн 2024 оны төсөвт тусгасан байна.