/2023.12.04/: Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газар суудлын 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид 4 хүн хавчуулагдан гэмтэж, 2 хүн нас барсан ноцтой зам тээврийн осол өчигдөр гарчээ.
Ослын дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д 65 настай, эмэгтэй, Ц 40 настай, эмэгтэй, Б 34 настай, эрэгтэй, С 31 настай, эмэгтэй нар гэмтсэн байсныг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин очиж авсан байна.
Харин “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш 58 настай, эмэгтэй, иргэн Г 54 настай, эрэгтэй нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсчээ.
Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн 2, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын 1 автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д авч ирсэн.
Эх сурвалж: ОБЕГ