УЧИРТАЙ#2: Нүүрсний сонсгол, түүх, анзаарах ёстой зарим зүйлс
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЧИРТАЙ#2: Нүүрсний сонсгол, түүх, анзаарах ёстой зарим зүйлс

/2023.12.4/ УЧИРТАЙ тоймын хоёр дох дугаарыг хүргэж байна. “Нүүрсний хулгайч” гэх нэр “тэр дээр” гарч, нам улс төр дотор нэгнийгээ намнах үйл явц өрнөж өнөөдрийг хүрлээ. Гэвч сүржин эхэлсэн нүүрсний хулгайг илрүүлэх хэрэг өнөөдрийг хүртэлх нэг жилийн хугацаанд даржин үргэлжилж байна.

Нэг л зүйл ойлгомжтой байгаа нь энэ хулгайд жирийн иргэд огт оролцоогүй нь тодорхой байна.

НҮҮРСНИЙ ТАЛААРХ ТОО ЮУ ӨГҮҮЛЭХ ВЭ?

Манай улс 1995 оноос хойш 336 сая тонн нүүрс экспортолжээ. Үүний 80 хувь буюу 298 сая тонныг нь 2011 оноос хойш экспортолжээ (2022 оны дүн мэдээ). Нүүрсний 90 хувийг дараах компаниуд олборлож, тээвэрлэн экспортолдог.

Компанийн нэр

Олборлож эхэлсэн он

Олсон орлого

Эзэмшил

1

“Эрдэнэс Тавантолгой”

2011

12,8 их наяд

Төрийн мэдэл

2

Энержи Ресурс

2007

10,2 их наяд

MCS Ж.Оджаргал

3

Монголын алт МАК

2003

5,2 их наяд

Б.Нямтайшир

4

Тавантолгой

2004

2,9 их наяд

Д.Бат-Эрдэнэ болон орон нутгийн өмчит

5

Саусгоби Сэндс

2007

2,5 их наяд

-ЖэйДи Жышин сан, Шинда Хөрөнгө оруулалтын Менежмент, Лэнд Гранд Интернэшнл Холдинг Лимитед

6

Моэнко

2008

2,1 их наяд

Хонконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголия Энержи Корпорэйшн Лимитэд (МЕК) компани

7

Чинхуа МАК Нарийн сухайт

2003

1,5 их наяд

“Монголын алт” (МАК) ХХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Чинхуа”

8

Хангад эксплорэйшн

2008

0,5 их наяд

Энержи Ресурс

Нүүрсний борлуулалтын нийт орлого нь 43,5 их наяд төгрөг бол үүнээс улс 10 их наяд төгрөгийн татвар авсан талаар Сангийн сайд Б.Жавхлан өнгөрөгч онд мэдээлсэн.

2011-2022 оны хооронд нүүрс дамжуулан экспортолсон 449 аж ахуйн нэгж байгаа юм. Үүний:

  • 77 нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй
  • 372 нь дамжуулан экспортлогч

Эдгээр компанид шалгалт хийхэд дараах 5 зөрчил голлон гарсан. Үүнд:

  1. Нүүрс ашиглах, тээвэрлэхтэй холбоотой орлого нуун дарагдуулах, дутуу тайлагнаж, төлөх
  2. Оффтэйк ба бусад гэрээгээр үндэслэлгүй үнийн хөнгөлөлт үзүүлж, хямд үнээр гэрээ хийх зэргээр төрийн өмчит аж ахуйн нэгжийг хохироох
  3. Хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй, эсхүл хоосон гэж бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл, тоо хэмжээ зөрөх;
  4. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн 340 мянган тонн нүүрсийг зөвшөөрөлгүй авч ашиглан хохирол учруулсан;
  5. Хэт өндөр, бодит бус төсөвт өртөгтэй төслүүд санхүүжүүлэх зэргээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохироох

Сонирхолтой нь, Гаалийн байгууллага 2013-2018 оны таван жилийн хугацаанд дотоод хяналт шалгалтаар 21 компани гэрээнд зааснаасаа 1 сая тонн нүүрс илүү экспортолсон болохыг илрүүлжээ. Мөн 12 компани эх үүсвэр тодорхойгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон байжээ. Дөрвөн мянга орчим тээврийн хэрэгслээр мөн л 379 мянган тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй байна.

Монгол Улс жилд дунджаар 30 орчим сая тонн нүүрс экспортолдог. Тэгвэл зөвхөн Гаалийн байгууллагын дотоод шалгалтаар илэрсэн зөрчил нь 2 сая орчим тонн нүүрс болж байна.

Нэг машинд 68-70 тонн нүүрс тээвэрлэдэг гээд бодвол ойролцоогоор 28,570 тээврийн хэрэгсэл тэвш дүүрэн нүүрс тээвэрлээд гарч байхад гаалийнхан “НҮДЭЭ АНИАД ӨНГӨРҮҮЛСЭН” байх нь.

Сонирхуулахад, нүүрсний экспорт оны эхэнд буюу 1-4 дүгээр сард харьцангуй бага, 6-9 дүгээр сард хамгийн идэвхжилтэй үе байдаг.

ХЭН ЗӨВШӨӨРӨЛ ӨГДӨГ ВЭ?

Нүүрс зарах эрх авах нь өөрөө авилгын том сүлжээ болсон. БНХАУ- ын талаас харилцагчид нь мөнгөө барьчихсан нүүрсний квот хайгаад явж байдаг үе саяхан. Энэ квотыг авчих л юм бол баяжих нь баараггүй. Учир нь Таван толгойн жижиг том ялгаагүй нүүрсний уурхайн аман дээр зарах, амнаас гаргаад Цагаан хад хүргэх, улмаар хил давуулах гээд дамжлага бүр дээр үнэ нэмдэг бүлэглэлүүд бий.

Тиймээс өнөөдөр нүүрсийг биржээр худалдаалах зарчимд шилжсэн нь авилгыг зогсоох нэг том гүүр болсон. Хэн биржийн арилжааг эсэргүүцэж байгааг тогтоогоод авахад гэмгүй. Нэгэн цагт эрх баригчид Эрдэнэтийн зэсийн баяжмалыг гаргах эрх авч чадсан нь баяждаг байсан бол эдүгээ нүүрс болсон нь энэ юм.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын өгсөн мэдээллээр 2013 оноос хойш “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нүүрс тээврийн хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олголтыг өгч байна.

Замын-Үүд, Бичигт, Баянхошуу, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган зэрэг боомтууд дээр байнгын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг дараах тоогоор олгохыг талууд зөвшилцжээ:

  • 2020 онд 39500,
  • 2021 онд 38000,
  • 2022 онд 38000
  • 2023 онд 50.000

"Нүүрс гаргах эрхийг хэнээр дамжуулж борлуулах вэ" гэдгийг Эрдэнэс Таван толгой компанийн тухайн үеийн гүйцэтгэх удирдлага түүнийг томилсон улс төрч олгож гэрээлдэг нь нууц биш. Өнөөдрийг хүртэл томилогдсон тус компанийн Гүйцэтгэх захирал бүгд хэрэгт холбогдсон байдаг нь асар их улс төр, бизнесийн сонирхол дунд ажилладагийг харуулна.

Дараагийн зөвшөөрөл нүүрс тээвэрлэх зөвшөөрөл. Автотээврийн үндэсний төв дээр төвлөрч мөн л асар их мөнгөн дүнтэй авилгын хэргүүд чих дэлсдэг. Энэ тээвэрлэлт дээр мөнөөх бизнесийн сонирхол бүхий бүлэглэлүүд үеийн үед зодолдсоор ирсэн.

Нүүрсээ төмөр зам бариад зөөчихгүй өнөөдрийг хүрсэн нь үүнтэй холбоотой. Тухайн үеийн УИХ-ын гишүүд улс төрчид өөрcдийн нэрийг далдалсан халаасны тээврийн машинуудаа явуулдаг нь ил болсон. Төмөр замын асуудалд яардаггүйн шалтгаан ердөө энэ. Дээр хэлсэн гурван дамжлага бүр дээр тонн тутмаас ердөө 1 ам доллар нэмж ашиг оллоо гэхэд долларын саятан болох бизнес зөвхөн энд байдаг.

Улс төрчид зөвхөн зөвшөөрөл квот олж өгснөөр ашиг олдог бол үлдсэнийг нь тээврийн компаниуд хийнэ. Зөвшөөрөл олж өгсөн албан тушаалтан дараа нь тээврийн эрх бүхий том компанидаа ашгийг нь өгсний дараа хэдэн бор жолоочдоо амсуулдаг. Гэхдээ л амсуулдаг гэх ашгийн дараа нүүрс тээврийн жолооч нарын цалин 5 саяас буудаггүй гэхээр ямар бизнес болох нь харагдана. Хар нүүрсний ч гээд нэрлэчихэж болох энэ хар бизнес өнөөдөр Монголын нийгмийг авилгад автуулсаар байгаа нь энэ юм.

Монгол Улсад үйлдвэрлэл гээд байх зүйл байхгүй атлаа хэт өндөр хэрэглээ бүхий бүхэл бүтэн давхарга үүсчихээд байгаа. Яг үнэндээ нүүрс алга болсон болоогүй тухай асуудал нь сонин биш харин НҮҮРСНИЙ НАЙМАА-ны эзэн суух гэсэн тулаан улс төрчдийн дунд явсаар ирсэн.

Энэ удаад Л.Оюун Эрдэнэ энэ бүхнийг задлах оролдлого хийж байгаа ч өөрөө ЭЗЭН суухаар энэ бүхнийг хийж байна гэх ХАРДЛАГА ч байгаа. Нүүрсний хулгай гэж нэрлэсэн энэ сүлжээг унагахгүйгээр ямар ч Ерөнхий сайд хүчтэй бас өөрийнхөөрөө байх боломжгүй. Учир нь улсаасаа баян болсон тэд улсыг удирдаж ирсэн. Энэ удаад энэ системийг устгах уу, аль эсвэл өөрөө эзэн сууж үргэлжлүүлэх үү гэдгийг анхааралтай ажиглах хэрэгтэй юм.

ОН ЦАГИЙН ДАРААЛЛААР

2022.10.26. Эрдэнэс Тавантолгой ХК-д онц дэглэм тогтоов

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Эрдэнэс Тавантолгой ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч тус компанийн удирдлагыг авна гэв. Ингээд тус компанийн захирал Б.Ганхуягийн эрх мэдлийг Сангийн яамны ТНБД Ж.Ганбатад шилжүүллээ.

БЭТ- ийн хийсэн ажил хүний нөөц талдаа. Улс төрчдийн хүмүүсээр дүүрсэн байсныг ямартай ч задалжээ. Гэвч шүүхийн маргаан тасраагүй. БЭТ гол ажлаа хийж байгаа эсэх нь эргэлзээтэй нууц гэрээнүүд одоо ч хэвээрээ.

Нүүрс авах тээвэрлэх гэрээнүүдийн зарим нь томоохон улс төрчдийн аминд хүрч мэдэх тул дараастай. Өнөөдрийн улс төрчдийн зодооны гол зангилаа энд бий. Нүүрсний сонсголыг хэрхэн явуулах, ямар гэрээ хэлцлийг ил болгох, болгохгүй тохироо намаржин үргэлжлэв. Гол наймаа дараагийн сонгуульд нэр дэвшигчдийн арилжаагаар үргэлжилж байж болзошгүй.

Байсгээд л гарах ээлж дараалсан сэнсааци бүхий хэргүүдийг анхааралтай ажиглахад гэмгүй. Бүтэн нэг жил үргэлжилсэн нүүрсний гэх хэргийг нүүрсний сонсголоор "хагална". Өмнөх Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар явуулна гэсээр суудлаасаа буусан.

Шинэ сайд Б.Энхбаярт энэ үүрэг цаг үеийн шаардлагаар оногдов. Гарах гарцгүй ацан шалаанд орчихсон болохоор "тэнэг эр зоригоороо" давах гэж буй. Түүний толгойлсон яам бараг боловсон хүчингүй үлдсэн. 6 том газрын дарга нь эзэнгүй. Хамгийн сүүүлийн газрын даргыг нь Үндсэн хуулийн цэц рүү татчихсан гэдэг.

Ерөнхийлөгч тэргүүтэй улс төрчид нүүрсний хэргийг ярихгүй байх сонирхолтой бол Ерөнхий сайд ямар ч үнээр хамаагүй дэлгэнэ гээд гэдийчихсэн. Төрийн тэргүүний ялалтын туг болсон олон зүйл энэ бүхний ард бий. Бодь групп тойрсон төмөр замын төсөл, нүүрс хямд үнээр авах гэрээ гээд нууцлаг зүйлс их бий. Энэ хоёрын дунд нэг хүн тоглож байгаа нь Г.Занданшатар.

Асуудлыг тойруулахын тулд АН-ынхныг эхлээд нийгмийн анхаарлын төвд оруулах гаргалгаа гаргажээ. Тэднийг зоолох завсар жагсаал цуглаан болох бололтой. Энэ ЖАГСААЛ их олон зүйлийг шийдэж магадгүй гэж улс төр сонирхогчид харж, хардаж байна.

Нүүрсний сонсгол АН-ынхныг ярьсны эцэст зогсоно. Аль эсвэл огт өөр үр дүн. Засгийн газар ахин нэг том сэлгээ хийгээд сонгуульдаа бэлдээд явчихаж мэднэ. Нүүрс ярьвал хамгийн их хохирол амсах нь МАН гэдгийг анзаарахад илүүдэхгүй.

Засгийн газар асуудалд ормогц танхимын гишүүдээ сэлгэдэг. Энэ түүх давтагдахыг үгүйсгэхгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн арга тактик.

УИХ -ын дарга Г.Занданшатарын зөвлөгөөгөөр Түгжрэлийн асуудлаар парламентийн хамгийн нэр хүнд бүхий гишүүн Ж.Сүхбаатарыг сайд болгон гал руу “зольсон” бол нүүрсний сонсголоор УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хуульзүйн сайд болгон дэвшүүлэн “золиосолж” байна.

2022 оны 12 сарын 4: Жагсаал эхлэв

Нэг хэсэгтээ хэдэн их наядаар яригдсан хулгайн асуудалд эзэн тодрохгүй удсан тул иргэд бухимдаж, талбай дээр жагсаж эхлэв.

Иргэд нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан юм. Мөн УИХ, Засгийн газрыг ч огцрохыг шаардаж байв.

Энэ удаад ойн дээрээ болох гэж байгаа жагсаал олны анхаарлын төвд байна. "Энэ жагсаалыг Засгийн газар өөрөө захиалсан уу" гэдэг асуулт хамгийн түрүүнд зүй ёсоор тавигдана.

Хэдхэн хоногийн өмнө Хууль зүй Дотоод хэргийн дэд сайд Б.Солонго өөрийнхөө хийсэн гэрээ хэлцлийн талаар гэнэт ярьж эхэлсэн. Улмаар энэ амралтын өдрүүдээр жагсагчид Оюу толгойг очиж ээрүүлдэж эхэлжээ. Энд нэг холбоос байгааг анзаарахгүй өнгөрөмгүй байна.

2022 оны 12 сарын 5: Нүүрсний хулгайч хэмээн нэрс зарлав

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдолтой 15 албан тушаалтан байгаа гээд, нэрсийг анх энэ өдөр зарласан юм. Тэдний зарласнаар "Эрдэнэс тавантолгой" компанийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, тус компанин Х.Нурлат, Б.Отгонжаргал “нүүрсний хулгай”-н хэрэгт холбоотой болов.

Зөвхөн нүүрсний гэлтгүй төмөр замтай холбоотой хэрэг мандаж, Тавантолгойн төмөр замын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон тус компанийн удирдах албан тушаалтнууд, тээвэртэй холбоотой хилээр нүүрс гаргаж байсан гэх гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, н.Доржжүгдэр, Хил хамгаалах ерөнхий газрын н.Дэлгэржаргал шалгаж эхэлсэн юм.

Мөн энэ өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас АТГ, ЦЕГ, ТЕГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, нүүрсний гэх хэргийг яаралтай мөрдөн шалгах үүрэг даалгаврыг өгөв.

МАН-ынхан нэгнийгээ нүүрсний хулгайчаар ээлж дараалан нэрлэж эхэлсэн. А.Раднаасэд, Х.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд нэр заан хэлүүлснийхээ дараа “сөрсөн базаа” хийж байсныг эргэн санацгаая. Харин энэ яриа тэгсгээд нам дотроо намжсан байдаг.

"Тэд юун дээр тохиролцсон бэ" гэж асуух цаг ирлээ. Хэргийн гол эзэн гэгдэж жил орчим хоригдож байгаа Эрдэнэс таван толгой компанийн захирал Х.Ганхуяг нүүрсний сонсголд оролцож намын нөхдөө ИЛЧЛЭХЭД бэлэн гэдгээ мэдэгдсээр байгааг анзаарья.

2022 оны 12 сарын 9: Долоон гэрээг нууцаас гаргав

Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын нээлтийн үеэр. Бодь групп Д.Баясгалан, Тавантолгой төмөр зам ХХК-ийн захирал асан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, ЭТТ компанийн захирал асан Б.Ганхуяг нар

Гэрээний нэр

Гүйцэтгэгч

Огноо

Үнийн дүн

Засгийн газар

1

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилт

Бодь интернэшнл

2019.10.29

1 тэрбум доллар гаруй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх

2

Нүүрс нийлүүлэх ЭТТ

2019.11.3

3

Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт

Бодь интернэшнл

2022.6.28

(Энэ төслийг зогсоосон)

Нийт өртөг 1,4 тэрбум доллар.

Үүнээс 41,2 сая долларыг олгосон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

4

Богдхан төмөр замын тунель болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилт

Бодь интернэшнл

2022.6.27

5

Нүүрс нийлүүлэх гэрээ

2022.6.27

6

Загийн усны хоолойн гүний ордноос ЭТТ-н нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн барилга угсралтын гэрээ

Набсан, Тэргүүн инвест, Эс энд Эй трейд, Бридж констракшн г.м

2022.1.28

41,5 сая ам.доллар

7

Тавантолгойн далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх

2022.10.25

Сүр дуулиантай зарласан гэрээн дотор тухайн үеийн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар орж дэмжигдэн байгуулагдсан гэх Бодь групптэй холбоотой, БНХАУ-ын Норинко группийн нэр дурдагдсан гэрээнүүд өнөөдрийг хүртэл нууц байгааг анзаарахад илүүдэхгүй.

Яагаад энэ гэрээнүүд бусдын адил ил гарахгүй байна вэ? Эдгээр гэрээнүүд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай холбоотой юм биш байгаа?

2022 оны 12 сарын 21:
Энэ өдөр Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “Ерөнхий хяналтын сонсгол” зохион байгуулав. Гэвч асуудал үүсэв.

Нүүрсний сонсгол зохион байгуулагчид нэг танхимд зөвхөн УИХ-ын гишүүд, сайд дарган нарыг, нөгөө өрөөнд нь иргэдийг цуглуулсан байлаа. Ингээд ширүүн маргаан өрнөж, улмаар завсарласан.

Ингээд энэ хугацаанаас хойш үүссэн асуудал бүхэн бүдгэрсээр өнөөдрийг хүрсэн. Харин өнөөдөр нүүрсний сонсгол эхлэх гэж байна. Энэ сонсголд ЭТТ компанийн захирал асан Б.Ганхуяг оролцвол "бүгдийг мэдээлнэ" гэдгээ хэлсэн. Гэвч түүнийг оролцуулахгүй байхаар болжээ. Оролцвол МАН-д туйлын аюултай нь ойлгомжтой.

Нүүрсний сонсголоор эхлээд жижиг тавантолгойн асуудлыг ярих бол дараагийн сонсголоор том тавантолгойн асуудлыг хөндөх ажээ. Энэ удаагийн сонсголд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа болон гишүүн асан Р.Амаржаргал тэргүүтэй 175 иргэнийг гэрчээр дуудахаар болсон юм.

Хоёр дахь удаагийн сонсголыг энэ сарын 18-22-д хийх бөгөөд том Тавантолгой компаниар хийнэ. Гэрчүүдийг арванхоёрдугаар сарын 11-нд зарлана.

#ЯгОдоо: Улаанбаатарын зарим хэсэгт Бээжингийн агаараас 10 дахин ИХ БОХИРДОЛТОЙ байна
#ЯгОдоо: Улаанбаатарын зарим хэсэгт Бээжингийн агаараас 10 дахин ИХ БОХИРДОЛТОЙ байна
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.