НҮҮРСНИЙ ХУЛГАЙ: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ: Нээлттэй сонсгол үргэлжилж байна

/2022.12.21/ Нүүрсний асуудлаарх хяналтын сонсгол Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн сонсголоор нийт 4 асуудлын хүрээнд хэлэлцэх юм.

Түүнчлэн сонсголд УИХ-ын гишүүд, холбогдох аж ахуй нэгж болон иргэдийн төлөөлөл оролцоно.

Энэхүү мэдээлэл нь байнга шинэчлэгдэж байгаа тул та доош гүйлгэж уншина уу.

10.20 цаг: Сонсголыг түр хойшлуулав

Хяналтын сонсгол 10.10 цагт эхэллээ. Хуралдааныг нээж Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлэх гэсэн боловч иргэдийн төлөөлөл түүнийг яриулсангүй. Иргэдээс сонсголыг том танхимд зохион байгуулах шаардлага тавьсан юм. Тиймээс ажлын хэсэг хуралдаж тэдний тавьсан шаардлагыг хэлэлцэхээр боллоо. Улмаар сонсголыг 10 минут түр хойшлууллаа.

10.21 цаг: Сонсголыг 13.00 цаг хүртэл хойшлуулаа

Нээлттэй сонсгол өнөөдөр 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох байв. Гэсэн ч иргэдийг хоёр танхимд хувааж оруулсан тул тэдний зүгээс Их танхимд зохион байгуулахыг шаардлаа. Тиймээс сонсголыг 10.00 минут завсарлуулж, ажлын хэсэг тэдний шаардлагын талаар авч хэлэлцсэн юм.

Гэвч иргэдийн зүгээс мөн адил тэдний хэлсэн саналыг хүлээж аваагүй тул сонсголыг 13.00 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь сонсголыг Их танхимд хийхээр болсон тул бэлтгэл ажилд 2 цагийн хугацаа шаардлагатай гэв.

13.00 цаг: Сонсгол үргэлжилж байна

Иргэдийн саналаар нээлттэй сонсголыг Их танхимд зохион байгуулахаар болсон. Тэгвэл 13.00 цаг хүртэл завсарласан хуралдаан яг одоо үргэлжилж байна. Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг хурлын дэгийг танилцууллаа. Одоо үг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл үг хэлж, асуулт асууж байна.

Иргэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг нүүрсний асуудлаарх сонсголд оролцохыг шаардлаа. Түүнчлэн хуралдаан даргалагчыг иргэдийн төлөөллөөс сонгож цааш үргэлжлүүлэхийг шаардав. Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг холбогдох хууль журмын дагуу тэдний шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгийг хэллээ. Хэрэв тэдний шаардлагыг хүлээж авбал өнөөдрийн сонсголыг хойшлуулахаас өөр аргагүй гэв.

13.50 цаг: Иргэн Б.Бат-Очир: Сонсголд ирсэн залуучуудыг баривчилж байна

-Би 18 хоног талбай дээр жагсаж байна. Яг одоо иргэд гадаа жагссаар байгаа. Гэвч олон цэргийн хувцастай хүмүүс хамгаалалтад гарчихсан байна. Сонсголд орж ирж үзэл бодлоо илэрхийлэх гэсэн залуучуудыг цагдаагийнхан баривчлаад аваад явчихлаа. Энэ хүмүүс галзуу биш. Энэ хүмүүс Монгол Улсын иргэд. Ядарсан иргэд чинь тэсэхээ байгаад ордны үүдэнд 18 хоног хоносон юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар яагаад өнөөдрийн сонсголд оролцохгүй байгаа юм бэ. Би "Баян жагсагчдынх" нь төлөөлөл. Би баян жагсагч, яадаг юм. Монголын ард түмэн бүгд цөхөрсөн учир биднийг "Битгий бууж өгөөрэй, тэмцээрэй, энэ нийгмийг өөрчлөөрэй" гээд байгаа бүхнээ бариад ирсэн юм. Иргэд энд дуу хоолойгоо илэрхийлэх гэж ирсэн болохоос биш та нарын яриаг сонсох гэж ирээгүй.

13.30 цаг: Иргэн н.Саарал: Нойр хоолгүй зүтгэж байгаа 9 мянган жолооч буруутай болчихсон уу

-Монгол Улсад нэг өдөрт 8 сая доллар буюу 27,5 тэрбум төгрөг оруулахыг тулд тээвэрчид өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байна. Үр хүүхэд, хань ижлээсээ хол, нойр хоолгүй зүтгэж байгаа залуучууд өнөөдөр нүүрсний хулгайг хийсэн болж таарч байгаа юм уу. 9 мянган жолооч буруутай гэсэн балай юм яриад байх юм. Х.Нямбаатар сайд хаана байна, мэдрэл муутай новш. Эх орныхоо төлөө хөдөлмөрлөсөн хүмүүс яахаараа буруутай болдог юм. Жинхэнэ хулгайчаа хэлээч ээ, ичдэггүй юм уу та нар.

Залуучууд нэг ч тонн нүүрс хулгайлаагүй. Эх орныхоо өгсөн даалгаврыг биелүүлсэн. Улсын төсвийн 40 хувийг бүрдүүлсэн.

15.30 цаг: Ц.Гэрэлт-Од: УИХ-ын дарга аа 5 хуулийг яаралтай горимоор 5 минутын дотор баталж өг

-Төрийн ордонд орохоор нүцгэлж шаардлага тавьсан 30 залууг бүгдийг нь ачаад Дэнжийн мянгад байгаа түр саатуулах газарт хорьчихсон байна. Нийслэлээс 2 гэр барьж өгсөн байдаг. Гэтэл өчигдөр Нийслэлийн цагдаагийн газрын хэдэн хурандаа ирээд ачаад явсан. Та нар гэрээ харамлаад байгаа юм уу. Ард түмний үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хясан боогдуулаад байгаа юм уу. Гэрээ харамлаад байгаа бол 4 айлын гэрийг буулгаж авчраад барья. Харин та нар зөвшөөрлийг нь олго.

Хоёрдугаарт, 5 хуулийг яаралтай горимоор хэлэлцэж баталж өгөхийг шаардаж байна. Дэг тохирох үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарыг оруулж ирэхийг хүссэн. Гэсэн ч орж ирээгүй байна. УИХ-ын дарга аа 5 ширхэг хуулийг 5 минутын дотор батлаад өг. Энэ бол ард түмний шаардлага.

Та нар Авлига албан тушаалын хуулийн 22.1-ийг авлигачдад боломж олгосон дутуу хууль баталсан. Үүнийгээ янзалж өгөөч. Хоёрдугаарт, Газрын тосны тухай хууль. Гуравдугаарт, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль. Дөрөвдүгээрт, Ашигт малтмалын тухай хууль.

16.00 цаг: УИХ-ын гишүүн Т.Доржханд: Х.Баттулга оргосон бол АТГ-ын дарга хариуцлага хүлээх ёстой

-З.Дашдаваа дарга аа таны удирдлага дор ажилладаг нэг хүн нүүрсний хэрэгт шалгагдаж буй, оффтэйк гэрээний цаана байгаа Х.Баттулгыг бүтэн сайн өдөр хил давуулсан. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бүх хүний анхаарал сарничихсан байхад явсан. Нэгхэн мөрдөгчийн шийдвэрээр явуулсан байна. Танайх босоо удирдлагатай биз дээ. Та нар үнэхээр тэр хүнийг явуулсан юм уу. Эсвэл тэр хүн оргосон юм уу. Явуулсан бол та нар хам хэрэгтэн болно. Танд хариуцлага тооцох ёстой. Хэрэв тэр хүн оргон зугтсан бол шууд хэл.

АТГ-ын дарга З.Дашдаваа:

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гурван асуудлын хүрээнд тайлбар авсан. Энэ хүрээнд шалгаж байгаа. Х.Баттулгыг оргосон гэдгийг хэн нотолж байгаа юм бэ. Хуулийн дагуу яллагдагчаар татагдсан үедээ шүүх дуудахад байгаагүй бол оргосонд тооцно.

Сонсголын хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.

Цусны хорт хавдартай тэмцэж чадсан гайхамшигт эгч дүүс
Цусны хорт хавдартай тэмцэж чадсан гайхамшигт эгч дүүс
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.