ХЭҮК “Ноорог Креатив Студио” ХХК-тай холбоотой асуудлаар дүгнэлт танилцууллаа
Шуурхай мэдээ
 

ХЭҮК “Ноорог Креатив Студио” ХХК-тай холбоотой асуудлаар дүгнэлт танилцууллаа

/2025.03.25/

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтныг 2025 оны 03 дугаар сарын 17-18-ны шилжих шөнө 22.00-07:00 цагийн хооронд хойшлуулшгүйгээрбаривчилж, ажлын байранд нь нэгжлэг хийж, цахим төхөөрөмжүүдийг хураан авч, тэдний халдашгүй, чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Энэхүү мэдээллийн мөрөөр Комисс шалгах ажиллагааг явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн дүгнэлт гаргаж, олон нийтэд танилцууллаа.

Нэг. “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтны халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна” гэсэн заалтыг мөрдөөгүй, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ноорог Креатив Студио” ХХК-ийн 8 ажилтныг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.О-оос "Ноорог.мн" пэйж хуудсын талаар ирүүлсэн цахим гомдол, мэдээллийг үндэслэсэн, тэдний өмнө шалгагдаж байгаа хэрэгтэй нь холбогдуулан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэх тайлбарыг дараа нь өгсөн ч, тухайн ажиллагааг хийх үедээ Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэмт хэрэгт холбогдуулан саатуулсан байх тул эдгээр иргэд ямар гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаагаа мэдэх боломжгүй байсан гэж үзэн тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ.

УЕПГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/1412 дугаар албан бичгээр хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцсон гэх тайлбарыг ирүүлсэн боловч хойшлуулшгүй ажиллагаа хийсэн болон түүнийг хүчинтэйд тооцсон үндэслэлээ Комисст тодорхой тайлбарлаагүй, баримтыг ирүүлээгүй болно.

Хоёр. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөндөж, Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзэл, зоригийг мохоох үр дагавар үүсгэсэн үйл явц болсон байна.

Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн тулгын чулуу, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18, 19 дүгээр зүйлээр баталгаажсан эрх чөлөө юм. Ямар нэг хууль бус, дур зоргийн шинжтэй цензур, хязгаарлалт, дарамтаас ангид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ялангуяа төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны талаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүний эрхийн эрх зүй онцгойлон хамгаалдаг.

Гурав. Төрийн байгууллагууд болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй.

Мэдээлэл авах эрх нь үзэл бодлоо илэрхийлэх, төрийн хэрэгт оролцох эрхийг суурь нөхцөл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, ИБУТЭТОУП-ын 18, 19 дүгээр зүйлээр баталгаажсан хүний эрх болно. Харин “Ноорог Креатив Студио” ХХК-ийн нэр бүхий 8 ажилтанд холбогдох хойшлуулшгүй ажиллагаа ямар үндэслэлээр явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан эсэх талаар эрх бүхий хууль сахиулах, төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудаас өгсөн мэдээлэл зөрүүтэй, тодорхой бус байсан нь олон нийтэд эргэлзээ төрүүлэхүйц, ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Татвар, нийгмийн даатгалын эрх зүйн цогц орчныг хэрхэн шинэчлэх талаар хувийн хэвшил болон эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонслоо.
Татвар, нийгмийн даатгалын эрх зүйн цогц орчныг хэрхэн шинэчлэх талаар хувийн хэвшил болон эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонслоо.
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.