УЧИРТАЙ: Израил Палестин ямар учиртай вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЧИРТАЙ: Израил Палестин ямар учиртай вэ?

/2023.10.22/ Израил Палестины дайн, Гаазын зурвас дах мөргөлдөөн гэдэг үгсийг хүүхэд байхаасаа л сонсож өссөн биз ээ. Яагаад энэ хоёр үргэлж дайтаж байдаг талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр гарсан түүхэн баримтуудаас түүвэрлэн чухалчилж, УЧИРТАЙ тоймыг хүргэж байна.

Учир нь өнөөдрийг хүртэл болсон олон мөргөлдөөнөөс магадгүй хамгийн хүчтэй нь энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн юм.

ИЗРАИЛИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ НЬ ХЭН БЭ?

Дэвид Бэн-Гурион

Израилийн түүхийг ярихын тулд энэ улсын үүсгэн байгуулсан Дэвид Бэн-Гурионы тухай товч боловч өгүүлэх учиртай.

Польшийн еврей гэр бүлээс гаралтай Дэвид Бэн-Гурион гэх хүн орчин цагийн Израил улсын суурийг тавьж, анхных нь ерөнхий сайдаар ажиллаж байсан түүхтэй. Бэн-Гурион 1886 онд төрж, 1906 онд Палестинд дүрвэн очиж, 1936 оноос Британийн мэдэлд байдаг Еврейчүүдийн нийгэмлэгийн тэргүүнээр ажиллажээ. Энэ албыг 1948 онд Израил улсыг байгуулагдах хүртэл хашиж, цаашлаад 1963 он хүртэл тэргүүнээр нь ажилласан юм.

Тэрбээр мөн Сионы (Сион гэдэг нь Давидын хот буюу Бурханы хот гэсэн үг) байгууллагын тэргүүнээр 1946 онд ажиллаж байв. Сионы байгууллага нь 1897 онд байгуулагдаж, 1960 он хүртэл үйл ажиллагаагаа явуулжээ. Энэ байгууллага бол дэлхийн еврейчүүдийг өөрийн гэсэн гэртэй болгох (өөрийн улстай болох) Иерусалимийг еврейчүүдийн ухамсрын гүнд төрөлх гэр болгон нэгтгэх, Еврей улсыг байгуулан үлгэр жишээ улс болгох, еврей хэлийг сурган сионист боловсролын системийг хүчирхэгжүүлэх зорилготой олон улсын байгууллага юм.

Энэ байгууллага Еврейчүүдийг "гэртэй" болгох энэ зорилгоо биелүүлэх хэд хэдэн зорилт тавьсан бөгөөд жишээ нь, Палестиний газар нутагт еврей тариачид, гар урчууд, худалдаачдыг суурьшуулахыг дэмжих, олон улс орнуудад тархан суурьшсан еврей үндэстнүүдийг нэгдсэн системээр удирдах зэрэг багтана.

Гол агуулга руугаа буцаж ороход 1948 оны тавдугаар сарын 14-ний өдөр Дэвид Бэн-Гурион орчин цагийн Израил улсыг албан ёсоор дэлхий дахинд тунхаглаж, хавчлагаас зугатаж, гэр оронгүй болсон олон олон еврейчүүдэд гэртэй болсноо зарласан юм.

1920-1946 оны хооронд Палестин руу дүрвэсэн еврейчүүдийн тоо (Аль Жазира)

ИЗРАИЛ ХААНААС ГАРААД ИРЭВ?

Израил улс 1948 онд байгуулагдсан юм бол түүнээс өмнө Израил юу байсан юм бэ гэдэг нь учиртай. Ойрх Дорнодыг мэдэлдээ байлгаж асан Оттоманы эзэнт улс Дэлхийн I дайнд ялагдсаны дараа Британи энэ хэсэгт байршдаг Палестинийг хяналтандаа авав. Тухайн үед Палестинд олонх нь арабууд, цөөхөн хэсэг еврейчүүд болон бусад жижиг ястнууд амьдардаг байлаа.

Энэ үед Британид Олон улсын хамтын нийгэмлэгээс тухайн газар нутагт Еврейчүүдэд "Үндэсний гэр" байгуулж өгөх үүрэг даалгаврыг өгсөн нь хоёр үндэстнүүдийн мөргөлдөөний суурийг тавьсан юм. Британи энэ "даалгаврыг" биелүүлэх болсон шалтгаан нь Балфурын тунхаглалд дурьдсаных.

KhanAkademyMongolian

Дэлхийн I дайны үеэр томоохон гүрнүүд өөрт ашигтай хувилбаруудыг сонгосноос тухайн хоёр үндэстний талаар огт бодлогогүй шийдвэр гаргасны үр дүн ч гэж хэлж болохоор.

Тухайн үед шинээр байгуулагдсан Үндэстнүүдийн Лиг мөн Балфурын тунхаглалыг баталж, Еврейчүүдийг "гэртэй" болгов. Еврейчүүдийн өвөг дээдэс тухайн газар нутагт амьдарч байсан хэмээсэн ч, арабууд хэдэн үеэрээ амьдарсан тул мөн л тухайн газар орноос нүүхийг хүссэнгүй.

Ингээд 1920-1940 оны хооронд олон мянган еврейчүүд Палестин руу нүүжээ. Мэдээж Дэлхийн II дайны үеийн нацистуудын яргаллаас зугтаасан олон еврейчүүд "гэртээ" ирэх нь тэр. Ингээд Палестины арабууд болон еврейчүүдийн хоорондох эцэс төгсгөлгүй дайн, мөргөлдөөн улам ширүүсэх болсон юм.

НҮБ-аас 1947 онд түүхэн шийдвэр гаргав. Энэ бол Палестинийг еврей болон арабуудад хуваан өгөөд харин нийслэл Иерусалимыг олон улсын хот болгох шийдвэр байв. Энэ шийдвэрийг еврейчүүд зөвшөөрсөн боловч арабууд "Хэзээ ч үгүй" гэх хариуг өгсөн юм. Учир нь газар нутгийнх нь 55 хувийг, тэр дундаа хамгийн үржил шим сайтай далайн эргийн хэсгийг еврейчүүдэд өгөхийг тэд эрс эсэргүүцэв.

Энэ 1947 онд Палестин дах еврейчүүдийн тоо хүн амынх нь 33 хувийг эзэлж байсан бөгөөд газар нутгийн 6 хувийг эзэлж байв.

Ингээд хэсэг байлдаж байтал 1948 оны тавдугаар сарын 14-нд Израилчууд тусгаар улс болж буйгаа тунхаглачихав. Энэ өдрийн маргааш нь дайн болж, 750 мянга гаруй Палестинчууд гэр оронгүй болсон юм. Тиймээс энэ өдрийг Палестинчууд түүхэндээ "Эх нутгаа алдаж, иргэд нь дүрвэгч болсон гунигт" өдөр болгон ярьцгаадаг.

Тэднийг болон тэдгээрийн үр удмыг Израилд ирэхийг израилчууд зөвшөөрөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл олон сая палестинчууд "Дүрвэгч" гэх статустайгаар Гаазын зурвас, Баруун эрэг, Сири, Зүүн Иерусалимаар амьдардаг.

Палестинчууд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1948 оны тогтоолд зааснаар дүрвэгсэд энх тайвнаар хөрштэйгээ амьдарна гэж үзвэл тэдгээрийг нутагт нь буцаана гэснийг Израилчууд биелүүлэх ёстой гэж шаарддаг. Харин Израилчууд "Бид 8,5 сая хүн амтай байтал НҮБ-д дүрвэгч статустайгаар бүртгэгдсэн 5 сая арабыг хүлээн авах нь хэтийдсэн хэрэг болно" гэж эсэргүүцдэг. Эдгээр нь гэвч 2018 оны тоо гэдгийг дурьдах нь зүйтэй.

АРАБУУДЫГ 6 ХОНОГТ БУТ ЦОХЬСОН НЬ БУЮУ БУСАД ДАЙНУУДЫН ТУХАЙ

Үүнээс хойш олон мөргөлдөөнүүд болсон ч түүхэнд "Зургаан өдрийн дайн" гэж тэмдэглэгдсэн дайныг дурьдахгүй өнгөрч болохгүй. Энэ бол 1967 оны зургаадугаар сарын 5-10-ны өдрүүдэд болсон юм.

Дайн эхлэхээс өмнө олон асуудал байдаг ч товчхондоо Израил энэ дайнаар бэлтгэлгүй байсан арабуудыг бут цохиж улмаар Египетээс Гаазын зурвас болон Синайн хойгийг, Иорданаас Зүүн Иерусалим, Баруун эргийг, Сириэс Галоны өндөрлөгийг эзлэн авсан юм.

Энэ дайнд ийнхүү томоохон ялалт байгуулснаар Израил цаашид хүчирхэгжих эхлэл болсон билээ.

2008, 2012, 2014 онуудад ч дайн болсон. Гэвч эдгээрт Палестины талаас хамгийн их хохирол амссан байдаг.

  • 2008 онд: 23 хоног үргэлжилсэн дайнд Палестины талаас 1440 хүн, харин израилын талаас 13 хүн амиа алдсан. 47 мянган барилга Палестины талд нурж сүйтгэгдсэн.
  • 2012 онд: Найм хоног үргэлжилсэн дайнд Палестины талаас 167 хүн, Израилын талаас 6 хүн амиа алдсан. Мөн л Палестины 126 барилга, байшин нуранги болов.
  • 2014 онд: 50 хоног үргэлжилсэн дайн болов. Палестины талаас 2100 гаруй хүн амиа алдсан. Израил 73 хүнээ алдав. Энэ удаад Палестин 20 гаруй мянган барилгаа балгас болгов. Эдгээрийн алинд ч Израилын талд байшин барилга нурсан талаарх тоо баримт алга.

ПАЛЕСТИН УЛСЫГ ТУНХАГЛАВ

1988 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Палестиний Үндэсний зөвлөлийн хурлаар Палестин улсыг тунхагласан юм.

Палестины газар нутаг гэвэл Баруун эрэг (West Bank гэдэг бөгөөд Израил болон Иорданы дунд оршино) болон Гаазын зурвасыг хэлнэ гэдэг. Гэвч бас их төвөгтэй. НҮБ-ын 135 улс Палестиныг тусгаар тогтносон гэдэг. Харин бусад нь, жишээлбэл АНУ, Израил зэрэг улсууд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.

АНУ 2022 онд мөргөлдөөний талаарх мэдээлэл оруулахдаа Палестиныг "Израил, Баруун эрэг, Гаазын зурвас" хэмээн тэмдэглэж байв.

ХАМАС БҮЛЭГЛЭЛ

Гаазын зурваст 1987 онд ачааны машин палестины ажилчдыг ачиж явсан машиныг мөргөсний улмаас 4 палестин амиа алдав. Улмаар палестин залуус израилын цэргийнхэн болон танкууд руу чулуу нүүлгэж, баруун эрэгт эсэргүүцлийн хөдөлгөөн газар авчээ.

Энэ нь Исламын ахан дүүс хөдөлгөөний салбар Хамас бүлэглэлийг үүслийг бий болгосон юм. Энэ бүлэглэл нь Палестиныг чөлөөлөх, газар нутгаас нь израилчуудад өгөхийг эсэргүүцэх, үүний тулд терроризм, халдлага үйлдэхийг зөвшөөрсөн арга барил бүхий хөдөлгөөн. Тэд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буйг та бид бэлхнээ харж байна.

2017 оны тавдугаар сард Хамасчууд Палестины газар нутаг бүхий хилийн зурвасыг 1967 оныхоор баталж, нийслэл нь Иерусалим байх төлөвлөгөөг танилцуулав. Ингэхдээ Израилыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул мэдээж Израилчууд энэ төлөвлөгөөг даруй няцаасан юм.

2023 оны аравдугаар сард Хамасчууд мянга гаруй израилчуудыг барьцаалж, улмаар олон арван хүн амиа алдсаны ихэнх нь энгийн иргэд байсан тул Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху "Бид дайн зарлаж байна" хэмээн албан ёсоор мэдэгдсэн билээ.

ИЗРАИЛ ПАЛЕСТИНИЙ ГОЛ АСУУДАЛ НЬ ЮУ ЮМ БЭ?

Өнөөдрийг хүртэл үргэлжилж буй энэ хоёр улсын зовлон нь юундаа байгаа юм бэ гэж үү. Энэ их учиртай.

  • Палестиний дүрвэгсдийн асуудлыг яах юм бэ. Тэд энэ хэвээр хэдэн үеэрээ орон гэргүй орхигдон тэнүүчилсээр байх уу?
  • Баруун эрэг дэх эзлэгдсэн еврейн суурингуудыг хэрхэх вэ? Тэднийг тэр хэвээр нь үлдээх үү, эсвэл зайлуулах уу?
  • Иерусалимыг хоёр тал хэрхэн хуваах юм бэ? Ер нь хуваах нь зөв үү?
  • Израил улс нэгэнт тусгаар тогтнолоо зарласан бол Палестиныг яах ёстой вэ? Израилын хажууд байгуулах уу, яах уу?

Ингээд л дээрх бүх асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Өгүүллийн эхэнд дурьдсанчлан энэ удаагийн дайн нэлээд ноцтой түвшинд хүрснийг олон улсын судлаачид ажиглан хэлэлцэж байна.

ИЗРАИЛ ба ПАЛЕСТИН

Израил Палестин
Хүн ам 9,7 сая 5,4 сая
73% еврей, 21% араб, 6% бусад

Газар нутгийн хэмжээ

20,770–22,072 km2 6,020[6] km2
Нэг хүнд ногдох ДНБ 53195$ 3464$

Space Talk 1: Г.Эрдэнэбат: Мөрдөн шалгах ажиллагаа НУУЦ байх ёстой
Space Talk 1: Г.Эрдэнэбат: Мөрдөн шалгах ажиллагаа НУУЦ байх ёстой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.