“БАЯН МОНГОЛ“ уран бүтээлийн үзэсгэлэн гарна
Шуурхай мэдээ
 

“БАЯН МОНГОЛ“ уран бүтээлийн үзэсгэлэн гарна

/2025.4.28/ Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Б. Баярт-Одын “Баян монгол” уран бүтээлийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд толилуулах гэж байна.

Үзэсгэлэн маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 05-ны өдрийг дуустал нь үзэгч олонд хүрнэ.

Б.Баярт-Од нь монгол зургийг орчин үеийн шинэлэг арга барил, шинэ санаа, үндэсний уламжлалыг хослуулсан олон зуун бүтээлийг туурвиж, монгол зургийг дэлхий дахинаа таниулах, монгол зургийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн зураач юм. Тэрээр уран бүтээлийнхээ үзэсгэлэнг оюутан байх цагаасаа буюу 1993 онд Франц Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцсоноор эхэлжээ.

Улмаар 1994-2024 онд Улаанбаатар хотноо зохиогддог шилдэг бүтээлийн Хавар, Намар уран бүтээлийн үзэсгэлэн, оны шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн, бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ 1995 оноос 2023 он хүртэл Монголын Уран Зургийн галерей, Дүрслэх урлагийн музей, Хаан галерей, Алтан хаан галерей, 2023 онд Art of UB галерейд гаргаж байв.

Б.Баярт-Од эртний болон өнөөгийн нүүдэлчин монголчуудын аж амьдрал, ёс заншлыг монгол зургийн аргаар дүрсэлсэн бүтээлүүдээ үзэгч олны хүртээл болгож, мэргэжлийн байгууллага, салбарынхан болон үзэгчдээс өндөр үнэлгээ байнга авч байжээ.

Мөн тэрээр гадаадын олон улс оронд монголын онгон дагшин байгальтайгаа харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн нүүдэлчин монголчуудын ахуй, соёлын зүй тогтоц, давтагдашгүй содон өнцгөөс уран бүтээлийн үзэсгэлэнгээ Франц, Тайланд, Нидерланд, БНХАУ, ХБНГУ, Бельги, Япон, Австри зэрэг улсад гаргаж монголын түүх, соёл, ахуй, монгол орноо сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний бүтээлүүд дотоод, гадаадын олон уран зураг сонирхогчид болон үндэсний галерей, санд хадгалагдаж байна. Онцолбол,

Франц Улсын Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байранд монгол ахуй, амьдрал, үндэсний соёлыг харуулсан “Баянмонгол” /136х188 см/ бүтээл хадгалагдаж монгол зургийн гайхамшгийг дэлхийн хүмүүст таниулж байна.

Энэхүү бүтээлийн тухай Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн, Чингис хаан одонт Жак Уэтерфорд “...1970 онд төрсөн Баярт-Од 2002 онд дөнгөж гучхан настайдаа Монгол Улсаа төлөөлөн ЮНЕСКО-д зориулан уран зургаа бүтээхээр шалгарсан юм. Энэ залуу, XXI зууны уран бүтээлч хэдий ч XX зууны уламжлалт хэв маягийг сонгон, тухайн үеийн маягаар зурж, уламжлалт монгол бичгээр гарын үсгээ зуржээ. Тэрээр мөн зотон, торго, арьс, металл зэрэг янз бүрийн материал ашиглан бүтээлээ турвидаг. Баярт-Од хэзээд гаднын нөлөөнөөс ангид, уламжлалт соёлоосоо гажилгүй тууштай уран бүтээлээ хийдэг залуу. Цэвэр монгол. Уран бүтээлчийн өвөрмөц, бүтээлч мэдрэмжийг түүний “Баян Монгол” бүтээл нь тодхон харуулна.

Б.Баярт-Од нь монгол зургийн уламжлалт өвөрмөц онцлогийг хадгалан шинэ агуулга хэлбэрээр баяжуулсан нь дүрслэх урлагийн салбарт шинэ өнгө төрх, чиг хандлагыг монгол зурагт бий болгосон юм.

Тэрээр нүүдэлчдийн ахуй амьдрал, уламжлалт монгол ахуй, байгаль, ан амьтан, монгол хүн, монгол соёлыг харуулсан бүтээлүүд нь өвөрмөц донж, төрхтэй бөгөөд дүрслэлээр хөдөлгөөнтэй, алслалтай, өөрийн өвөрмөц арга барилаар зурдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэндээ “Шинэ өглөө”,“Жаргалтай наран”, “Талын өглөө”,“Монгол наадам”, “Ертөнцийн анир”,“Тэнгэрийн заяа”,“Миний нар”,“Өндөр ээж”,“Эртний сайхан”,“Заяаны хэлхээ”,“Сэрүүн сайхан”, “Эмээ”,“Дуулал”, “Миний аав, ээж, би”, “Шинэ өглөө”, “Хүү”,“Нүүдэлчин” зэрэг шинэ бүтээлүүдээ үзэгч олонд толилуулна.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.