Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр:
Энэ баасан гарагт автобусны тендерийн нээлт хийнэ. Олон улсын нээлттэй тендерт ирүүлсэн баримт бичгийг задлан ирүүлсэн үнэ, хүчинтэй хугацаа, баталгаа зэргийг танилцуулна. Маш богино хугацаанд тендерийг үнэлэх ажил яригдана.
Нэгдүгээр сарын 1-ээс автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг бүгдийг нь картжуулж, бүртгэлжүүлэх асуудлыг оруулна гэж ярьж байна. 2014 онд НИТХ-аас баталсан машинт цагийн тогтоол байгаа. Энэ тогтоол нь тухайн автобусыг хэдэн цаг явснаар нь нийслэлээс татаасыг хүн тоололгүй өгдөг байсан механизмыг өөрчилье гэж ярьж байна.
Цагдаагийн байгууллагын ажилтан, хүүхдүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, донорууд гэсэн автобусанд үнэгүй зорчдог иргэдийн картыг шинэчилж олгох, автобусанд орж ирэхээр тэр хүмүүс автобусанд суусан тоо нь тоологддог болгох том дүн бүхий цахимжилттай холбоотой тендерийг зарлана.
Ингэснээр тухайн хүмүүст үйлчилсэн тоогоор автобус компаниудыг санхүүжүүлье гэдэг шудрага зарчим руу явж байна.
Бидний зүгээс автобусны төлбөрийг нэг өдрийн 1000 төгрөг болгож тухайн өдөртөө цагийн хязгааргүйгээр зорчдог болгох тооцоолол хийж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэдийн 20 гаруй хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Бид нар жилд 240-250 тэрбум гаруй төгрөгийг төлбөргүй үйлчлүүлдэг хүмүүсийн төлбөр хэмээн татаас өгдөг. Гэтэл зорчилтын хувь хэмжээ ийм бага байна гэдэг нь тухайн хүмүүс өөр тээврийн хэрэгслээр зорчоод байна гэсэн үг.
Нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа автобусны жолооч, бусад техникийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх тооцоолол хийгдэж байна.
Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар смарт карт ХХК ямар ч тендергүйгээр нийслэлтэй бараг 30 жил хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ийм гэрээ дэлхий дээр байхгүй. Хоёрдугаарт нэг ч удаа санхүүгийн тооцоо нийлээгүй. Гуравдугаарт бүх олж байгаа орлогоос 10 хувийг ямар нэгэн болзол, нөхцөлгүй авдаг. Дөрөвдүгээрт программ хөгжүүлэлтийн чиглэлээр хийнэ гэсэн чиг үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй.
Өнгөрсөн долоо хоногт тухайн компанитай хамтран ажиллах гэрээг цуцлах мэдэгдэл би хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд тухайн компани ямар ашигтай ажилласан, ямар ажил хэрэгжүүлсэн, ямар орлого зарлагатай гэдэгт хийсэн нэг ч хяналт шалгалт хийлгээгүй. Гэрээг цуцлахад бидэнд ямар нэгэн асуудал яривал бид ч гэсэн адилхан л асуудал ярих болно. Бид нар тухайн компанийг болиулж жинхэнэ утгаар нь смарт системийг нэвтрүүлнэ.
Мөн бид нэгдүгээр сарын 1-ээс автобусны богино эргэлтүүдийг эхлүүлнэ. Чиглэлүүдийг өөрчилнө. Тухайн хугацаанд программыг өөрчилж амжихгүй. Иргэдэд шинэ маршрутыг ойлгомжтой болгох үүднээс эртнээс уг ажилтай холбоотой мэдээллүүдийг хүргэж байх болно.
Автобусны зорчилтын эрчимийг нэмэгдүүлэх үүднээс Мишээл, АПУ, Энхтайвны гүүрний доод зам, Чингэлтэйн өргөн чөлөө, Нарны зам, Станцын зам, Цайзаас Улиастай гэсэн чиглэлүүдэд эгнээ өргөтгөх ажил хийнэ.