/2023.11.17/: Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзаж, агаарын харилцааны болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо.
Сайд С.Бямбацогт:
”Агаарын харилцааны тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг орчин үеийн агаарын харилцааны эрх зүйн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцээрийн төслийг тохирсон. Ойрын хугацаанд цаг алдалгүй, шуурхай байгуулах хүсэлтэй байна.
Агаарын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд дамжин өнгөрөх зорчигчийн тоо нэмэгдэж, Узбекистанаас жимс, ногоо, монголоос мах, ноолууран бүтээгдэхүүн тээвэрлэж хоёр улсын хооронд эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтой" гэв.
Элчин сайд Фарход Арзиев:
"Миний тэргүүлэх зорилт бол хоёр улсын зам, тээврийн болон харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх. Өнөөдрийн байдлаар хоёр улсын худалдаа 7 сая ам.долларт хүрсэн байна. Манай улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, Монгол Улсаас мах, ноос ноолуурын бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх хүсэлтэй байна.
Одоогоор хоёр улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчдог. Энэ давуу талыг ашиглан аялал жуулчлалаа хөгжүүлж, жуулчдад аялахад таатай нөхцлийг бүрдүүлмээр байна" гэв.
Уулзалтын үр дүнд хоёр улсын автотээврийн болон агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал тогтлоо.
Эх сурвалж: ЗТХЯ