/2023.11.17/ Шүүх, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын Тусгай илтгэгч Хатагтай Маргарет Саттертвэйт Монгол Улсад ажиллалаа.
Тусгай илтгэгч нь Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй шүүхүүд болон прокурорын газруудаар орж, ажил үйлстээ бие сэтгэлээ зориулж яваа хуульчид, эрхзүйн мэргэжилтнүүдтэй уулзсан байна.
Шүүх засаглалын ирээдүйг баталгаажуулахын тулд Монгол Улсын төр бодитой санхүүжилт хийх хэрэгтэй байх тул улсын төсвийн тодорхой хувийг хууль зүйн тогтолцоонд зориулдаг болохыг хатагтай Саттертвэйт уриалав. Тэрбээр "Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Тусгай механизмтай холбогдох үйл ажиллагааг хүлээн авахад үргэлж нээлттэй хандаж, тус Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье" хэмээжээ. 2004 оноос хойш тусгай механизмын хүрээнд нийт 12 мандат Монгол Улсад айлчилсан байна.
2024 оны 6 дугаар сард тус асуудлын хүрээнд эцсийн тайлан, зөвлөмжийг боловсруулж, танилцуулна.
Ингээд түүний Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжөөс хүргэж байна.
МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН УРЬДЧИЛСАН АЖИГЛАЛТ, ДҮГНЭЛТ,
ЗӨВЛӨМЖ
Шүүх тогтолцооны хараат бус байдлыг бэхжүүлэх тухай:
Монгол Улсад шүүгчийг сонгон шалгаруулах нарийн нягт журмыг бүрдүүлсэн бөгөөд энэхүү үйл явцыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг байна. Шүүгчийн тусгай сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн мэдлэг, мэргэжлийн чадавхийн аль алиныг үнэлдэг ажээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан шүүгчийг томилох тухай саналыг буцаах бүрэн эрх нь хэтэрхий өргөн цар хүрээтэй байгааг онцгойлон тэмдэглэж байна.
Ерөнхийлөгчийн энэхүү бүрэн эрх нь эрх мэдлийн хуваарьлалтын хараат бус байдалд нөлөөлөх эсхүл тус Улсын ихээхэн анхаарал хандуулж ирсэн шүүх тогтолцоонд нэр дэвшигчийг томилуулан ажиллуулах замд саад учруулахгүй байх эрсдэлийг арилгахад дараа даараачийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Айлчлалын үеэр, 2013, 2017, 2019 онуудад шүүгчдийг огцруулсан хэд хэдэн тохиолдол гарсан талаар сонслоо.
Эдгээр шүүгчдийн зарим нь өнөөг хүртэл дахин томилогдоогүй байна. Эдгээр мэдээлэл нь миний сэтгэлийг ихээхэн эмзэглүүлж байгаа бөгөөд үйл явдлыг сайтар ойлгохын тулд эдгээр хэргийг цаашид нягтлан судлах болно.
Шүүгч нарыг албан тушаалаас нь огцруулж, дахин томилоогүй явдал нь эл уеэс хойш тэдний цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжид хэрхэн нөлөөлсөн, энэхүү шийдвэрийн учир шалтгааныг тогтоохыг зорих болно.
Шүүгчийг албан тушаалаас нь огцруулахад ч (хууль ёсны арга замаар энэхүү шийдвэр гарсан ч гэсэн) тэдний шударга шүүхээр шүүлгүүлэх, шүүхээр хэргээ хянан хэлэлцүүлэх эрхийг хангах ёстой гэдгийг Миний бие онцлон тэмдэглэж байна.
Шүүгчид нь олон улсын хүний эрхийн стандартын дагуу хэргээ шударгаар хянан шийдвэрлүүлэх эрхээ эдлэх ёстой.
Шүүхийн хараат бус байдлын НҮБ-ын үндсэн зарчмууд нь шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулахыг шүүгчийн ёс зүйн тогтсон стандартын дагуу хэрэгжүүлэхийг шаарддаг.
Үндсэн хуулийн цэцээр хянан хэлэлцэж байгаа Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн зарим заалт нь шүүгчийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн шийдвэрийг дээд шатны шүүхэд давж заалдах үндэслэлтэй байтал сахилгын зөрчилд тооцож байгаад ихээхэн санаа зовж байна. Тухайлбал, тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”-ыг хориглоно гэжээ. 57 дугаар зүйлд энэ заалтыг зөрчсөн сахилгын шийтгэлийн хүрээнд албан тушаалаас нь огцруулах хүртэл сахилгын шийтгэл оногдуулахыг хуульчилжээ.
Мэргэжлийн сахилга бат болон мэргэшлийн ур чадвар гэх хоёр өөр ухагдахууны хоорондын ялгааг илүү нарийн тодорхойлохыг Миний зүгээс зөвлөж байна. Шүүгчид нь давж заалдах журмаар зохих ёсоор залруулж болох аливаа алдаа мадгийн улмаас сахилгын шийтгэл хүлээх ёсгүй юм.
Хараат бус байдал, эрх мэдлийн хуваарилалтын хамгийн чухал баталгааны нэг нь шүүхийн төсвийн хангалттай бөгөөд хараат бус байдлыг хангах явдал юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн төсвийн саналыг Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан УИХ-д өргөн барьдаг гэж ойлгосон. Жич, энэхүү заалт нь өнөөг хүртэл бүрэн хэрэгжээгүй байна. Энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах арга хэмжээ авахыг Монгол Улсаас хичээнгүйлэн хүсч байна.
Миний айлчлалын үеэр хамгийн их яригдаж байсан асуудал нь шүүхийн санхүүжилтийн туйлын хангалтгүй байдал юм. Энэ асуудлыг шүүхийн тогтолцооны бүх түвшний оролцогчид болон тус тогтолцооны гадна ажилладаг мэргэжилтнүүд ч илэрхийлж байгаа нь Миний анхаарлыг татсан юм.
Надад олон төрлийн шүүхүүдийн шүүх хуралдааны танхимд зочлох завшаан тохиосон бөгөөд энэ туйлын хангалтгүй дутмаг санхүүжилтийн үр дагаврыг өөрийн биеэр олж харлаа. Дотоодын холбогдох стандартад нийцэхгүй байгаа шүүх хуралдааны танхимын тоо нь намайг ихээхэн эмзэглүүллээ.
Шүүх хурлын танхимууд нь халаалт, агааржуулалтгүй, олон нийтэд хуралдааны үйл явцыг ажиглахыг зөвшөөрөх нь битгий хэл хэргийн оролцогчид болон тэдний төлөөлөгчдийг байрлуулах зай талбай хангалтгүй байгааг харсан.
Дүүргийн хэд хэдэн шүүхийг нэг түрээсийн байранд байрлуулж, шүүх хуралдааныг явуулахын тулд шүүгчид ээлжийн зарчмаар шүүх хуралдааны танхимыг ээлжлэн ашиглах шаардлагатай байдаг тухай Би сонслоо. Арав гаран жилийн хугацаанд улсын хэмжээнд шүүхийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийгдээгүй, мөн хугацаанд шүүгчдийн цалингийн хэмжээг нэмэгдүүлээгүй байна.
Санхүүжилтийн энэхүү дутмаг байдал нь шүүгчдийн ажиллах нөхцөл, шүүхээр дамжуулан шударга ёсыг эрэлхийлж буй хүмүүст үлэмж их сөргөөр нөлөөлжээ. Шүүхүүдийн цалин бага, ажлын нөхцөл тааруухан тул хүмүүс ажилд орох хүсэлтээ илэрхийлэхгүй байгаагийн улмаас олон шүүхэд шүүгч, шүүгчийн туслахын сул орон тоо нөхөгдөх боломжгүй байна. Үүнтэй холбогдуулан, олон шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж чадахгүй байна.
Зарим шүүхэд, ялангуяа Улаанбаатар хотод ийм нөхцөл байдал үүссэний улмаас шүүгчдийн ажлын ачаалал нь дааж давшгүй их нөхцөл байдалд хүржээ. Мөн шүүхийн зохион байгуулалт тааруухан, боловсон хүчний хомсдол нь шүүгч, шүүхийн ажилтанууд, шүүхээр үйлчлүүлэх иргэдэд аюулгүй байдлын эрсдэлийг үүсгэж байгааг сонслоо.
Зарим шүүхийн шүүгч, ажилтнууд шүүхийн байранд орж/гарахдаа хэргийн оролцогчидтой ижил орц/гарцыг ашиглахаас өөр аргагүй байгаа нь тэднийг халдлага эсхүл хүчирхийлэлд өртөх эрсдэлд хүргэж байна. Олон шүүх хуралдааны танхимын хэмжээ маш жижиг байгаа нь шүүгч, хэргийн оролцогчдыг бие биетэйгээ ойрхон суухад хүргэж байна. Энэ нь зарим тохиолдолд онц ноцтой гэмт хэргийн гэрч, амьд үлдсэн хохирогч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хажууд суух болдог нь тэдний аюулгүй байдалд заналхийлж, дахин хохирогч болох эрсдэлийг үүсгэж байна.
Үүний шийдэл нь мэдээж санхүүжилтийг нэмэгдүүлэх явдал юм. Жич, энэ нь ганцаараа хангалтгүй юм. Шүүхийн санхүүгийн хараат бус байдлыг урт хугацаанд хангахын тулд бүтцийн өөрчлөлтийг илүү тогтвортой хийх нь зүйтэй гэж Би үзэж байна.
Үүний тулд, Монгол Улсын төсвийн жишиг хувийг шүүх засаглалд хуваарилж, энэ хуваарилалтыг хуулиар баталгаажуулахыг хүсч байна. Шүүхийн ерөнхий зөвлөл нь эл жишиг дүнг улсын төсвийн 2 хувиар тогтоох саналыг өмнө нь гаргаж байсныг Миний зүгээс нааштайгаар тэмдэглэж байна. Ийм хэлбэрийн санхүүгийн баталгаатай болсноор шүүхүүдийн дэд бүтэц, цалингийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх асуудлыг хангаад зогисохгүй, шүүхийн үйл ажиллагаа, үр дүнтэй ажиллах явдлыг дээшлүүлэхэд шаардагдах олон төрлийн өөрчлөлтийг эхлүүлэх боломж бүрдэх юм. Үүнд, шүүхийн тогтолцоог цахимжуулах орж байна.
Прокуроруудын хараат бус байдлыг бэхжүүлэх тухай:
Прокуроруудын хараат бус байдлыг бэхжүүлэх тухай асуудлыг одоо хөндье.
2021 онд батлагдсан Шүүхийн тухай хууль нь шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлсний нэгэн адил прокурорын байгууллагыг дотоод хяналтын шугам, гадны нөлөөлөл зүй бус хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалахын тулд хуулийн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Сонгон шалгаруулалт явуулах аргачлал нь олон нийтийн итгэл, шүүх прокурор, хуульчийн мэргэжлийн хүндэтгэлийг хадгалах нь чухал юм. Энэхүү Мандат нь нэг субъектээс Улсын Ерөнхий Прокурорыг томилохоос илүү төрийн өөр өөр байгууллагуудын хамтын шийдвэрийн үр дүнд тус албан тушаалтныг томилох нь зүйтэй гэж өмнө нь зөвлөж байсан.
Энэхүү зөвлөмжийн дагуу Улсын Ерөнхий Прокурорыг томилох үйл явцыг дахин харгалзан үзэхийг Монгол Улсын эрх баригчдад үүгээр зөвлөж байна.
Харин, бусад прокуроруудын хувьд олон нийтийн дунд сонгон шалгаруулалт явуулах нь прокурорын байгууллагад өндөр чадвар бүхий нэр дэвшигчийг сонгон шалгаруулах бодит арга зам болно гэж өмнө нь энэхүү Мандат зөвлөж байсан. Сонгон шалгаруулалт, албан тушаал дэвшүүлэн тохиолох үйл явцын аль аль нь хөндлөнгийн нөлөөлөл, аливаа талд давуу байдал/санал өгөх зэргээс хамгаалахын тулд ил тод явагдах ёстой. Ажилд орох этгээдийг мэргэжлийн ур чадвар, туршлага дээр үндэслэж сонгон шалгаруулснаар чиг үүргээ хараат бусаар объеъктив шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Хуульчийн сонгон шалгаруулалтаас гадна прокурорын сонгон шалгаруулалтыг авч хэрэгжүүлж байгаа шалгалт одоогоор байхгүй, прокурорын томилгоо, сахилгын шийдвэр гаргах бие даасан бүтэц дутагдаж байгааг үүгээр тэмдэглэж байна. Би олон нийтэд нээлттэй, бодитой шалгуур, ил тод, мэдлэг ур чадварт суурилсан прокурорын ажил мэргэжлийн замыг бий болгохыг уриалж байна.
Эдгээр зорилгод хүрэхийн тулд Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөлтэй адил прокуроруудын томилгоо, сахилга бат, албан тушаалаас чөлөөлөх асуудалд хяналт тавих эрх мэдэл бүхий бие даасан, прокурорын байгууллага байгуулахыг харгалзан үзэхийг зөвлөж байна.
Шүүх тогтолцоонд өгсөн ерөнхий зөвлөмжийн нэгэн адил, прокурорын цалингийн хэмжээ нь тэдний авч хэрэгжүүлдэг ажил үүргийнх нь өндөр ач холбогдлыг тусгах ёстой бөгөөд энэ нь хараат бус, бие даасан байдлын томоохон хэсэг болохыг зайлшгүй анхаарах шаардлагатай юм.
Хууль эрх зүйн мэргэжлийн үйл ажиллагааг чөлөөтэй хэрэгжүүлэхийг хамгаалах тухай:
Монгол Улсад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорууд, өмгөөлөгчдийн эрхийг тэнцвэржүүлэх, мэтгэлцэх зарчмыг бэхжүүлэх, талуудын тэгш байдлыг хангах тал дээр ахиц дэвшил гаргах нь зүйтэй гэж бодож байна. Энэ зорилгод хүрснээр өмгөөлөгчдийг чухал ажил үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх бололцоо бүрдэх юм. Үүнд, үйлчлүүлэгч болон нотлох баримтад цаг тухайд нь нэвтрэх эрхээ эдлэх, нотлох баримтыг хуулбарлах, ашиглах боломжоор хангагдах явдал багтаж байна.
Шударгаар шүүлгэх эрхийг хангахад хуульчид чухал үүрэгтэй байдгийг санаж байна. Өмгөөлөгчид нь мэргэжлийн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны улмаас шийтгэл хүлээх ёсгүйг онцлон тэмдэглэж байна.
Өмгөөлөгч болон тэдний гэр бүлийнхэнд заналхийлж байсан тухай сонссон. Өмгөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хуулийн шинэчлэл өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх гэж байгааг сайшааж байна.
Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг сэргээх:
Монгол Улсын олон нийт болон шүүх засаглал хоорондын харилцаа холбоотой холбогдох асуудлыг Би урьдчилсан дүгнэлтийнхээ эцэст хөндөхийг хүсч байна. Аливаа шударга ёсны тогтолцооны бат бөх байдал нь олон нийтэд найдвартай, хуульт ёсны, үр дүнтэй гэж хүлээн зөвшөөрөгдөхөөс хамаарна.
Гэвч, иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн судалгаагаар шүүх засаглалд итгэх итгэл тааруухан байгааг илтгэх ажээ.
Хүн бүр эрх тэгш оролцох шударга тогтолцоог бүрдүүлэхэд шүүх, өмгөөлөгчид ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг Засгийн газрын зүгээс олон нийтэд сайтар тайлбарлан ойлгуулах боломжийг энэхүү үйл явдал олгож байна.
Нийтийн сүлжээ нь шүүгчдийг дайралтад оруулах, мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тайлбар өгөх, өмгөөлөгчдийг үйлчлүүлэгчидтэй нь тодоройлох гол суваг болсоныг мэдээд ихээхэн санаа зовж байлаа. Ялангуяа, төрийн өндөр албан тушаалыг хашиж буй хүмүүсээс энэ төрлийн дайралт ирж байгааг сонсоод маш их эмзэглэлээ. Үүнтэй холбогдуулан, энэхүү асуудлыг цаашид нарийвчлан судлах болно.
Ил тод байдал нь итгэлцлийг бий болгох үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Харамсалтай нь санхүүжилтийн хомсдол нь шүүхийн ил тод байдалд сөргөөр нөлөөлсөөр ирсэн нь дамжиггүй юм. Өмнө дурьдсанчлан, зарим шүүх хуралдааны танхим нь маш жижиг хэмжээтэй байгаа нь олон нийт, тэр дундаа сэтгүүлчдэд шүүх хуралдааныг ажиглахад хүндрэлтэй нөхцөл эсхүл бүр боломжгүй болгож байна.
Мөн, олон шүүгчид үлэмж их ажлын ачаалалтай байгаа нь хэргийн шийдвэрийг тодорхой хугацаанд бичгээр гаргаж өгөх нөхцлийг хязгаарлаж байна. Зарим шүүгч нар нь шийдвэрээ тайлбарлахдаа товч, энгийн үг хэллэг ашиглаж байгаагаа надад дуулгасан. Би энэхүү эерэг туршлагыг сайшааж Монгол Улсын хэмжээнд шүүхүүдэд тогтсон нэг мөр жишиг болоосой гэж бодож байна. Мөн, шүүхийн бүх шийдвэр нь хүний эрхийн тухай хуулийн холбогдох тодорхой заалтыг ишилсэн үндэслэл бүхий тайлбар гаргах нь зүйтэй болохыг Би онцлон тэмдэглэж байна.
Томилгооны ил тод байдал нь иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Шүүхийн өндөр албан тушаалд нэр дэвшигчийн нээлттэй сонсголыг УИХ-д явуулах нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хэрхэн гарахыг Миний бие тэсэн ядан хүлээх болно.
Олон нийтийн итгэлийг бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсыг шүүхийн өндөр албан тушаалд нэр дэвшигчдийн тухай олон нийтэд сонсол явуулах явдлыг үргэлжлүүлэн эрэлхийлэхийг Миний зүгээс дэмжиж байна.
Шүүх тогтолцоог нийгмийн өргөн цар хүрээ бүхий төлөөллөөс бүрдүүлбэл тус бүтцийг хууль ёсны болон бүх нийтэд нээлттэй болохыг илтгэх үзүүлэлт болдог. Би Монгол Улсыг ялгаварлан гадуурхахтай тэмцэхийг уриалж, нийгмийн бүхий л гишүүдийг хууль эрх зүй, шүүх, прокурорын байгууллагад ажиллахыг уриалж байна.
Итгэлцлийг нэмэгдүүлэхийн тулд Монголд амьдарч буй хүн бүр шүүхэд хандаж, шударгаар шүүлгүүлж, шударга шийдвэр гаргуулна гэдэгтээ итгэлтэй байх нь чухал юм. Жич, эдгээр эрхээ бүрэн эдэлхэд хүндрэлтэй байгаа хэд хэдэн нийгмийн бүлэг давхаргын тухай Би сонссон.
Дэд бүтцийн хангалтгүй нөхцөл байдал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мөрдөн шалгах ажиллагаа, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход хүндрэл учруулж байна. Шүүх хуралдааны олон танхим нь тэргэнцэртэй хүн нэвтрэх боломжгүй байгааг Би хувьдаа анзаарсан. Мөн харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд шударгаар шүүлгүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Брайл үсгээр бичсэн материал байдаггүй эсхүл дохионы хэлний орчуулагчаар хангагддаггүй болохыг сонссон.
Эдгээр иргэдийг оролцуулаад бүх нийтэд хүртээмжтэй болохын тулд шүүгч, шүүхийн ажилтнууд, өмгөөлөгч зэрэг шүүхийн тогтолцооны бүх оролцогчдод нэмэлт сургалт явуулах шаардлагатай.
Мөн, дотны хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртсөн хэргүүдтэй холбогдох шүүхийн шийдвэрт хийсэн иргэний нийгмийн байгууллагуудын судалгаанаас харахад хэргийн оролцогчид нэг хаалгаар ордог, нэг хүлээлгийн өрөөнд хүлээдэг, аюулгүй байдлын хяналт, аюулгүй байдлыг хангах зорилгоор дагалдан явах ажилтан томилогддоггүй зэрэг нь хохирогчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ хангалтгүй байгааг илтгэж байна.
Энэхүү судалгаагаар хохирогчийг буруутгах, жендэрийн хэвшмэл сөрөг хэв маягт оруулах нь хохирогчийг дахин сэтгэл зүйн гэмтэлд оруулдаг болохыг онцолсон бөгөөд зарим шүүгчийн зүгээс ч ийм хандлага ажиглагддаг байна.
ЛГБТ нийгэмлэгийг ялгаварлан гадуурхсан хэргүүд нь хуулийн хэт ерөнхий томъёоллоос болж шүүхийн шатанд хүрдэггүй бөгөөд шүүхийн ажилтнуудад нэмэлт сургалт боловсролын үйл ажиллагаа шаардлагатай байгааг тэмдэглэж байна.
Нэмж дурдахад, энэ нийгэмлэгийн гишүүд нь хууль эрх зүйн туслалцаа авахад хүндрэлтэй байдаг байна. ЛГБТ иргэдийг зохих ёсоор хамгаалж, шүүхэд хандах эрхийг нь хангах зорилгоор холбогдох хуулийн ялгаварлан гадуурхахаас хамгаалах заалтуудыг олон улсын жишигт нийцүүлэх нь зүйтэй юм.
Монгол Улсын өргөн уудам газар нутаг нь шударгаар шүүлгүүлэх эрхээр хангагдахад бэрхшээл учруулж болзошгүй юм. Малчид болон уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хөдөө орон нутгийн иргэдэд онцгой саад бэрхшээл тулгарч болзошгүй юм. Алслагдмал хөдөө орон нутгийн иргэдэд шударга ёсны үйлчилгээг хүргэхээр урт удаан замыг туулж буй шүүгчдийн талаар сонссон бөгөөд энэ нь сайшаалтай арга барил юм. Жич, ийм хэлбэрийн ажил гүйцэтгэхдээ шүүгчдэд аливаа санхүүгийн дэмжлэг тусгагддаггүй болохыг сонссон. Ийм хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхийн тулд шүүгчдийн сайн санааны хүсэл зориг, хувийн нөөц бололцоог ашиглах нь зохисгүй бөгөөд тасралтгүй байж чадахгүй юм.
Засгийн газар нь шүүхүүдийг хөдөө орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор байршлыг нь тогтоож, хөдөө орон нутгийн иргэдтэй ажилладаг шүүгчид шударга ёсны үйлчилгээг шаардлагатай тохиолдолд эдгээр иргэдэд хүргэхийн тулд системтэй санхүүжилт, дэмжлэг өгч байх ёстой.
Ерөнхийдөө, шүүх засаглалыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үл ялгаварлан гадуурхах, хүний эрхийн олон улсын конвенцуудтай холбогдох сургалтад хамруулж, санхүүжилтийг нь хангаснаар шүүх эрх мэдлийн биет болон процессын хүртээмжийг хүн бүрт хүртээмжтэй болгох боломжтой бөгөөд үүнийг ч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Монгол хүн бүрийн эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг ялгаварлан гадуурхахгүйгээр төрөөс хангах үүрэгтэй гэдгийг Би онцгойлон тэмдэглэж байна. Жич, эрх баригчид нь ялгаварлан гадуурхах хандлага, саад бэрхшээлийг зохих ёсоор арилгахын тулд зохих сургалтууд зохион байгуулж, шаардлагатай шинэчлэлийг төлөвлөх ёстой. Иргэний нийгмийн байгууллагууд энэ чиглэлээр нэн чухал ажлуудыг аль хэдийн хийсэн бөгөөд эдгээр үйл ажиллагааг дэмжиж, нөхөхийг бүх оролцогч талаас уриалж байна.
Монгол Улсын Засгийн газар нь тус улсын хүн бүрийн эрх ашгийг хамгаалах, шударга ёсыг ялгаварлан гадуурхахгүйгээр төрөөс хангах үүрэгтэй. Жич, эрх баригчид нь ялгаварлан гадуурхах хандлага, саад тотгорыг зохих ёсоор шийдвэрлэхийн тулд сургалт явуулах, шаардлагатай шинэчлэлийг төлөвлөж, зохион байгуулж, оролцоог хангах ёстой.
Иргэний нийгмийн байгууллагууд нь энэ чиглэлээр нэн чухал ажлуудыг аль хэдийн хийчихсэн бөгөөд эдгээр үйл ажиллагааг дэмжиж, шаардагдах хувь нэмрээ оруулахыг бүх оролцогчдоос хүсэмжлэн уриалж байна.
Шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн төлөөх тэмцэлд Монгол Улс бас нэгэн үнэ цэнэтэй нөөц эх үүсвэртэй байна. Олон нийтийн эрх зүйн боловсролд Дэлхийн жишигт нийцсэн арга барилыг авч яваа Монгол Улсын Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн шинэлэг үйл ажиллагаа надад өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Тус хүрээлэн нь хууль зүйн мэдээллийн онлайн портал, хууль эрх зүйн туслалцааны лавлах утас, чат, фэйсбүүк хуудсуудыг ажиллуулж, долоо хоног бүр подкастаар дамжуулан мэргэжилтнүүдээс өгөх хууль эрх зүйн зөвөлгөөг түгээдэг байна. Мөн, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 2500 гаруй хууль эрх зүйн Хөтөч нарын сүлжээг бэлтгэжээ. Хууль эрх зүйн чадавхийг дээшлүүлэх эдгээр үйл ажиллагаа нь хууль эрх зүйн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, олон нийтийг шударга ёсны тогтолцоотой хамтран ажиллах боломжийг хангах асар их нөөц боломжтой юм.
Дүгнэлт
Монгол Улс нь шүүхийн хараат бус байдлыг бий болгож, баталгаажуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг чөлөөтэй хэрэгжүүлэхэд томоохон хүчин чармайлтууд гаргажээ. Жич, энэхүү үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь нэн чухал байна. Ингэхдээ, энэхүү таатай мөчийг ашиглаад, энэхүү үйл хэрэгт бүх оролцогч талуудыг хамтран ажиллахыг уриалж байна.
Монгол Улс энэ боломжийг ашиглан хүний эрхийг дээдэлсэн, хараат бус шүүхийн тогтолцоо руу чиглэсэн өөрчлөлт, шилжилтээ бататгах ёстой.
ЖИЧ: Та бүхэн 2022 онд Монгол Улсад ажилласан НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийг тайлан зөвлөмжийг ЭНД ДАРЖ бүрэн эхээр нь хүлээн авна уу.