/2023.11.13/: Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын хамт Багануур дүүрэгт ажиллаж, тус дүүргийн төрийн албан хаагчид болон 1, 2, 3, 4, 5 дугаар хорооны иргэдтэй уулзаж ирэх оны улсын төсвийн талаар танилцууллаа.
Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтад Багануур дүүрэгт баригдаж буй 850 хүний суудалтай Соёлын ордон болон 3-р хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлыг дуусгахаар нийт 4,3 тэрбум төгрөгийг суулгасан бол шинээр 5-р хороонд Залуус хэсгийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажлыг эхлүүлэх, 1, 3-р хорооны орон сууцны дундах авто замын шинэчлэл, 4-р хорооны Энх-Өрх өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барихаар төсөвлөсөн талаар танилцууллаа.
Мөн Налайх, Багануур дүүрэгт хүлэмжийн аж ахуй байгуулах, Багануур, Налайх, Багахангай дүүргийн боловсролын салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд нийт 1 тэрбум төгрөгийг суулгаад байгаа аж.
Мөн манай алслагдсан гурван дүүрэгт орон сууц барих барилгын компаниудад 5 жилийн хугацаанд 50 хувийн татварын хөнгөлөлт олгохоор болсон бол тус гурван дүүрэгт амьдарч буй иргэд ипотекийн 3 хувийн зээлд хамрагдах боломжтой болж, төрийн албан хаагчдын цалин бусад дүүргүүдийнхээс 20-30 хувь нэмэгдэхээр тусгагдлаа.
Эх сурвалж: ШСАА