/2023.11.13/: Энэтхэгийн нийслэл Дели хотын оршин суугчид Дивали баярын дараа манан дунд сэрлээ.
Бохирдлын түвшин өндөр байгаа тул салют буудуулахыг хориглосон ч хотын иргэд ням гарагийн шөнөжин салют буудуулсан байна.
Дели хот хэдэн долоо хоногийн турш агаарын бохирдолтой тэмцэж байгаа бөгөөд засгийн газар хүүхдүүдийг хамгаалахын тулд сургуулиудын амралтыг наашлуулж амраагаад байгаа юм.
Тээврийн хэрэгслийн утаа, тоосжилт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж хот нь жилийн туршид өндөр бохирдолтой байдаг.
Гэвч хөрш зэргэлдээ мужуудын тариаланчид тарианы сүрэл шатааж байгаа тул асуудал өвлийн улиралд улам хүндэрдэг байна. Салхигүй шахуу байгаагаас агаар мандлын доод хэсэгт салютнаас үүссэн бохирдуулагч бодисууд сарнилгүй, амьсгалахад хэцүү болгож байна.
Даваа гарагийн өглөө Дели хотын 37 хяналтын станцын Агаарын чанарын индекс (AQI) 200-аас дээш, хэд хэдэн газар 350-аас дээш үзүүлэлттэй байна.
Уг хэмжилт 101-ээс 200-ийн хоорондох түвшинг дунд зэрэг гэж үздэг бол 201-ээс 300-ийн хоорондох түвшинг муу гэж ангилдаг. 300-аас дээш бол "маш муу", 500-аас дээш бол "хүнд" гэж ангилдаг.
Эх сурвалж: ВВС