/2023.11.13/: Газын зурвас дахь эмнэлгүүд цахилгаан эрчим хүч, хангамжгүй болж, ажилтнууд нь хүнд нөхцөлд ажиллаж байгаа дээр олон мянган оршин суугчид эрүүл мэндийн төвүүдэд цугларч, агаарын довтолгооноос хамгаалах байр хайсаар байна.
Палестины Улаан хавирган сар нийгэмлэгээс мэдээлснээр Газын хоёр дахь том эмнэлэг болох Газа дахь Аль-Кудс эмнэлэг ажиллахаа больсон байна.
Эрүүл мэндийн албаныхан болон тусламжийн агентлагуудын мэдээлснээр Газын хамгийн том эмнэлэг болох Аль-Шифагийн ойролцоох мөргөлдөөний улмаас өвчтөнүүд болон ажилтнууд дотор нь гацсан байгаа аж.
Израил ням гарагт Аль-Шифагийн гадна нүүлгэн шилжүүлэх коридор нээсэн гэж мэдэгдсэн боловч Олон улсын Улаан загалмайн хороо энэ коридороор хэн ч гараагүй гэж мэдэгдэв.
Рафах боомтоор олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлэв: Ням гарагт 826 гадаадын иргэнийг Рафах боомтоор Газын зурвасаас нүүлгэн шилжүүлсэн гэж Египетийн хилийн албанаас мэдээллээ. Мөн есөн шархадсан палестин иргэнийг Египет рүү нэвтрүүлсэн гэж засгийн газрын албаны хүн мэдэгдэв. Рафах бол Израилын бүслэлтээс гарах цорын ганц гарц бөгөөд энэ нь тусламжийг оруулах, гаргах бүс нутгийн гол тулгуур болж байна.
Израил энгийн иргэдийг нүүлгэхэд бэлэн гэв: Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху "Газын зурвас дахь хамгийн том Аль-Шифа эмнэлгийг ХАМАС-ын командлалын төв болгон ашиглаж байгаа бөгөөд Израил энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд туслахад бэлэн байна" гэв. Израилын удирдагч мөн аравдугаар сарын 7-ны халдлагын хариуцлагыг хүлээх эсэх талаар хариулахаас татгалзаж, дайны дараах Газад Палестины эрх баригчдын үүрэг оролцоог үгүйсгэсэн байна.
Яам эмнэлгүүдээс холбоо тасарчээ: Палестины Рамалла дахь Эрүүл мэндийн яам Газын хойд хэсгийн эмнэлгүүдтэй бүрэн холбоо тасарсан гэж мэдэгдэв.
"Хезболла" халдлагын хариуцлагыг хүлээлээ: Израилын цэргийнхэн ням гарагт Ливанаас харвасан пуужингийн улмаас хэд хэдэн энгийн иргэд шархадсан гэж мэдэгдэв. Халдлагын хариуцлагыг Ираны дэмжлэгтэй “Хезболла” зэвсэгт бүлэглэл хүлээсэн байна. Израилын батлан хамгаалах хүчнийхэн хариуд нь тэдний сөнөөгч онгоцууд Ливан дахь Хезболла бүлэглэлийн хэд хэдэн объект руу дайрсан гэж мэдэгдэв. Израйл-Хамасын дайн Ойрхи Дорнодын өргөн хүрээний мөргөлдөөн болж хувирах вий гэсэн болгоомжлолын төвд хагас цэрэгжүүлсэн бүлэглэлтэй IDF мөргөлдсөөр байна.
Дайны дараах Газын төлөвлөгөө: Израил улсаас АНУ-д суугаа элчин сайд Майкл Херцог хэлэхдээ, Израил Газын асуудлаар урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, энэ асуудлаар АНУ-тай зөвлөлдөж байна гэв. Тэрээр, энэ бол Палестинчууд өөрсдийгөө удирдах ёстой гэсэн Израилын байр суурь ч гэлээ одоогоор Израилын засгийн газар Палестины эрх баригчдын үүргийг одоогоор дэмжихгүй гэв.
Францын антисемитизмын эсрэг жагсаал: Ням гарагт Франц даяар өрнөж буй антисемитизмын эсрэг жагсаалд хэдэн арван мянган жагсагчид нэгдсэний дотор Парист 105,000 гаруй хүн оролцсон байна. Францад, ялангуяа нийслэлд Израил-ХАМАС-ын дайны улмаас хурцадмал байдал нэмэгдэж, антисемитийн хэрэг ихэсч байгааг албаныхан мэдээлэв. Мөн ням гарагт Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Израилын ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа тус улс Израилтай эв нэгдэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN