Б.Гантулга: НӨАТ-ын буцаан олголтыг нэмснээр татварын бааз суурь өргөжиж, бизнесийн орчин шударга болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Гантулга: НӨАТ-ын буцаан олголтыг нэмснээр татварын бааз суурь өргөжиж, бизнесийн орчин шударга болно

УИХ-ын нийтийн өргөдлийн D-Өргөдөл систем дээр НӨАТ-ын иргэдэд буцаан олгох хувь хэмжээг 2 хувиас 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг 100.000 иргэн дэмжиж, УИХ-ын Төсвийн байнгын хороо ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Энэ санал анх CEO Club дээр яригдаж байсан бөгөөд тус клубийн ерөнхийлөгч Б.Гантулгатай энэ талаар ярилцлаа.

-Сангийн яам үүн дээр эсрэг байр суурь илэрхийлсэн. НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юу?

-2016 оноос хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын 10 хувиас 2 хувийг иргэдэд буцаан олгох систем ажиллаж эхэлсэн. Энэхүү систем ажиллаж эхэлснээс хойш иргэд худалдан авсан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ и-баримтыг худалдаа, үйлчилгээ үзүүлсэн компани, иргэдээс шаардан авдаг болсон. Ингэснээр бизнесийн байгууллагууд худалдаа, үйлчилгээ эрхэлсэн орлогын дүнг автоматаар татварын байгууллагад явуулж, эргүүлэн НӨАТ-ын код авч харилцагч нартаа и-баримт хэвлэн өгдөг болсон. Үр дүнд нь зөвхөн НӨАТ-аас гадна орлогын албан татвар болон бусад төрлийн татвар хураамжийн орлогын дүн ч нэмэгдсэн юм.

Бид 2012 оноос хойш 10 жилийн хугацаанд нийт дотоодын нийт бүтээгдэхүүн болон татварын орлогыг харьцуулан судалж үзсэн юм. НӨАТ-ын буцаан олголтын систем ажиллаж эхлэхээс өмнө 2012-2016 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүн 16.6 их наяд төгрөгөөс 23.9 их наяд төгрөг болж 43 хувиар өссөн байгаа юм. Харин энэ хэмжээний эдийн засгаас бүрдүүлж байгаа нийт татварын орлого 4.2 их наяд төгрөгөөс 4.9 их наяд төгрөг буюу 17.8 хувиар л нэмэгдсэн байгаа юм. Дунджаар жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 21-26 хувьтай тэнцэх хэмжээний татварын нийт орлого бүрдүүлдэг байсан байгаа юм.

Энэ үзүүлэлт НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд олгож эхэлсэн 2017 оноос эрчимтэй өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний 23-29 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл татварын нийт орлого нэмэгдсэн байгаа юм. 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 28 их наяд төгрөг байсан бол 2022 онд 53.8 их наяд төгрөг болж 92.2 хувиар нэмэгдсэн байна. Харин татварын нийт орлого 2017 онд 6.3 их наяд төгрөг байсан бол 2022 онд 15.6 их наяд төгрөг болж 146 хувь өссөн. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс давсан.

НӨАТ бол Монгол Улсын иргэн бүр төлдөг, эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний эргэлтээс бизнесийн орлогыг бүртгэн гаргаж ирдэг маш чухал систем. Үүгээр дамжуулан бусад төрлийн татвар, хураамж авах, орлогыг тодорхойлох, бүртгэх боломжийг бүрддэг.

Энэ хэмжээний үр дүнтэй байгаа бодлогоо бид хөгжүүлж, дараагийн түвшинд нь гаргахгүй бол эргээд иргэдийн идэвх буурч, НӨАТ-ын баримтаа авахгүй, үнийн дүнгээс нь НӨАТ-аа хасуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ авах сонирхол нэмэгдэж байна.

-Татвар, хураамжийн орлого нэмэгдэнэ гэхээр бизнес эрхлэгчдэд ашиггүй, төлөх татвар, хураамж нь л нэмэгдэнэ гэж ойлгогдож байна?

-Өнөөдөр татвараа төлөөд, шударга хөдөлмөр эрхэлж байгаа мянга мянган бизнес эрхлэгч бий. МҮХАҮТ-аас хийсэн судалгааны дүнд 2022 оны нийт НӨАТ-ын баримтын 58 хувийг жижиг бизнес эрхлэгчид бүрдүүлсэн байсан. Нөгөө талаас, Монголын ТОП-100 аж ахуйн нэгж, CEO Club-ийн нийт гишүүд, бүх төрлийн татвараа төлж харилцагч, хэрэглэгч нартаа и-баримтыг хэвлэн гаргаж өгч байгаа.

НӨАТ-ын 2 хувийг иргэдэд буцаан олгодог болсон нь татвараа төлдөг бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд өнөөдөр бизнесийн орчинд татвараа бүрэн төлдөг, шударга бизнес эрхлэгчид болон татвараас зугтдаг, нуудаг НӨАТ-ын баримт хэвлэж өгдөггүй, шударга бус бизнес эрхлэгчид гэсэн 2 хэсэгт хуваагдаад байна. Татвараас зугтдаг, шударга бус бизнес эрхлэгч нар бүх төрлийн татварын зардалтай холбоотойгоор өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг 10-20 хувь хямдаар харилцагч, хэрэглэгч нартаа хүргэж байгаа нь шударгаар татвараа төлөөд явж байгаа бизнес эрхлэгч нарын хажууд маш том бизнесийн давуу талыг олж аваад байна.

Уг нь бол татвараа бүрэн төлдөг бизнес эрхлэгч л улс, нийгэм, иргэддээ хэрэгтэй байгаа юм.

Татвар төлдөггүй бизнес эрхлэгч нарын борлуулалт нь татвараа бүрэн төлдөг бизнес эрхлэгч нарын борлуулалтаас даруй 2 дахин их борлуулалт хийж байгааг автомашин борлуулдаг хувь иргэдийн гаалийн мэдээлэл дээр тод харагдаж байгаа. Энэ үзэгдэл бүх салбарт адил байгаа. Дээрх тэгш бус, шударга бус бизнесийн өрсөлдөөний орчин нь эргээд татвараа бүрэн төлөөд явж байгаа бизнес эрхлэгчдийг татвараас зугтаах, бултах сэдлийг өгч байгаа. Нөгөө талаасаа шударга бизнес эрхлэгчид хохирч, бизнесийн хэмжээ нь буурах, хаалгаа барих, дампуурахад хүрнэ. Шударга ажилласан нь хохирч, хулгайлж нуудаг нь хождог байж болохгүй.

-НӨАТ-ын буцаан олголтын 60 хувийг тансаг хэрэглээтэй, цөөн тооны хувь хүн, компаниуд авна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Нэгдүгээрт, НӨАТ 2 хувийн буцаан олголтыг зөвхөн иргэнд олгодог. Компани авдаггүй. Хоёрдугаарт, тансаг хэрэглээ бол биш, харин өндөр дүнтэй худалдан авалтын буцаан олголт юм. Шинээр орон сууц худалдан авч байгаа залуу гэр бүл, автомашин, цахилгаан бараа худалдан авсан иргэн гээд өндөр дүнтэй худалдан авалт хийж байгаа болохоор түүнтэйгээ дүйцэх буцаан олголтыг авч байгаа. Заавал баян тансаг гэж нийгмийг талцуулж байгаад сэтгэл дундуур байна. Баян тансаг хүн хэчнээн үнэтэй хоол, хүнс хэрэглэлээ гээд өдөр бүр байр авах хэмжээний мөнгө зарлагадахгүй шүү дээ. Өндөр дүнтэй худалдан авалт хийсэн иргэн өндөр хэмжээний татвар, хураамж төлж байна гэсэн үг. Тэр хэрээр НӨАТ-ын буцаан олголт нь өндөр байх зүй ёсны хэрэг шүү дээ. Буцаан олголтоор авсан мөнгөө эргүүлээд л шинэ байрандаа тавилга, машиндаа сэлбэг авах гээд л эдийн засгийн эргэлтэд оруулж, бизнес эрхлэгч нарын орлого нэмэгдэж, дагаад татварын орлого ч нэмэгдэж байгаа.

-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох нь төсвийн зардлыг тэлнэ, эдийн засаг хямарна гэх тайлбар хэлэх хүмүүс ч байна?

-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэх, НӨАТ-ын хэмжээг 5 хувь болгож бууруулах хоёр утгын хувьд ч, үр нөлөөний хувьд ч тэс өөр. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлснээр мэдээж төсвийн зардал нэмэгдэнэ. Жишээ нь, 2022 онд нийт татварын орлого 15.6 их наяд төгрөг, үүнээс НӨАТ-ын орлого 3.9 их наяд төгрөг байсан. НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд олгосон зардал нь 261 тэрбум төгрөг байсан. НӨАТ-ын орлоготойгоо харьцуулах юм бол нийт орлогын 2 хувь биш 0.6 хувьтай тэнцэх хэмжээний л зардал гарсан байна. Шууд иргэний зүгээс харахад НӨАТ-ын орлогын хэмжээ 8 хувь болж буурч байгаа мэт харагдаж байгаа ч бодит буурсан хэмжээ нь 9.4 хувь болсонтой адил. Энэ 0.6 хувийн зардал нь бусад татварын орлого бүрдүүлэлтийн хэмжээнд ямар эерэг нөлөөлөл үзүүлж байгааг төсөв талаасаа харах хэрэгтэй.

Харин буцаан олголтын хэмжээ 5 хувь байсан бол 652 тэрбум төгрөг буюу нийт НӨАТ-ын орлоготой харьцуулахад 1.67 хувийг буцаан олгосонтой адил дүн болж байгаа юм. Үлдэж байгаа НӨАТ-ын цэвэр хувь нь 8.33 хувь.

Үнэхээр цуглуулсан НӨАТ-ын талыг нь буцаагаад өгөх юм бол 652 тэрбум биш 1.95 их наяд төгрөг болох ёстой шүү дээ.

-Яагаад энэ хэмжээний зөрүү үүсэж байгаа юм бэ?

-НӨАТ-ын татварыг зөвхөн иргэдээс гадна компани, аж ахуйн нэгжүүд төлдөг. Харин буцаан олголтын 2 хувийг зөвхөн иргэнд олгодог учраас дээрх хэмжээний зөрүү үүсдэг.

-Ардчилсан намын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын хэмжээг 5 хувь болгож, иргэдэд олгох буцаан олголтын хэмжээг 2 хувиар нь үлдээх санал гаргаж байсан. Энэ хувилбарын тухайд таны байр суурь ямар байгаа вэ. Боломжтой юу?

-За НӨАТ-ын хувийг 5 хувь болгох юм бол НӨАТ-ын орлого буурна. Өмнө хэлсэнчлэн 2022 оны тоон дээр ярихад НӨАТ-ын орлого 1.95 их наяд төгрөгөөр буурна гэсэн үг. Дээрээс нь 261 тэрбум төгрөгийн зардал гарна. Би бизнесийн салбарт 20 жил ажиллаж байна, хувь тохиолоор дандаа татвараа хуулийн дагуу бүрэн төлдөг бизнес эрхлэгч, эзэдтэй хамт ажилладаг байсан. Нөгөө талдаа, маш олон бизнес эрхлэгч нартай уулзаж, танилцаж, өрсөлдөж явсан. Анхнаасаа татвар төлөөгүй, төлөх сонирхолгүй бизнес эрхлэгчид ихэнх нь, татвар 1 хувь байсан ч төлөхгүй зугтах, бултах хандлагатай байдаг юм. Тэгэхээр энэ хувилбар нь зардал өндөр, үр нөлөө багатай байх болов уу гэж харж байна.

-Тэгвэл НӨАТ-ын иргэдэд олгох буцаан олголт 5 хувь болсноор төсвийн зардал нэмэгдээд, үр дүн багатай үлдэхгүй гэсэн баталгаа нь юу вэ?

-Бизнес эрхлэгч нарын хамгийн гол зорилго бол ашиг, орлогоо нэмэгдүүлэх. Харин ашиг орлогын хэн авчирдаг вэ гэхээр хэрэглэгч, харилцагч нар. Хэрэглэгч, харилцагч нар НӨАТ-ын и-баримт авах, НӨАТ-ын и-баримт өгдөг бизнес эрхлэгчээс бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг хүсэл сонирхол нэмэгдэх тусам бизнес эрхлэгчид орлогоо татварт мэдүүлэх хэрэгцээ шаардлага нь дагаад нэмэгдэнэ. Ингээд ирэхээр зах зээл дээр шударга, татвараа төлдөг бизнес эрхлэгч нарын орлого, харилцагч нь нэмэгдэнэ.

-Тэгэхээр дагаад улсын төсөвт орох НӨАТ болон бусад татварын орлого нэмэгдэх юм байна?

-Тиймээ. Нийт татварын бааз суурь өргөжихийн хэрээр орлого нэмэгдэнэ. Төр, төсөв талдаа хэрэгтэй, шударга татвараа төлдөг бизнес эрхлэгч нартаа хэрэгтэй, буцаан олголт авах иргэдэд хэрэгтэй. Бүх оролцогч тал хожино гэж харж байгаа.

-НӨАТ-ын иргэдэд олгох буцаан олголтын хэмжээг 5 хувь болгосноор нийт татварын орлого хэдэн хувиар нэмэгдэх бол?

-Буцаан олголтын хэмжээг 5 хувь болсноор иргэдийн идэвх, сонирхол хэдэн хувиар нэмэгдэх вэ гэдэг судалгааг хийж байж тодорхой тоо гарч ирнэ. Өнгөрсөн жил НӨАТ-ын баримтын сугалааг болиулах үед нийт иргэдийн 50 хувь нь НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхээ больсон. Сугалаа нь НӨАТ-ын буцаалтын 1 хувь ч хүрэхгүй зардал байтал нөлөөлөл нь 50 хувь байгаа нь өндөр тоо. Нөгөө талаас 5 хувь гэдэг нь одоогийн буцаан олголтыг 3 хувиар л нэмэгдүүлэх санал. Тэгэхээр иргэдийн идэвх хангалттай нэмэгдэнэ гэж бодож байна. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын далд эдийн засгийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 16.5 хувьтай тэнцүү гэж гарсан байна билээ. Энэ нь 2022 оны дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 8.8 их наяд төгрөг юм.

2024 оны төсөв дээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 74 их наяд төгрөгт хүрнэ, татварын нийт орлогыг 23.4 их наяд төгрөг гэж төсөвлөсөн байна билээ. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 32 хувьтай тэнцэх хэмжээний татварын орлого олно гэж тооцоолж байна. Энэ хувь 2016 онд 21 хувьтай байсныг өмнө үзүүлсэн хүснэгтээс харж болно. Энэ 32 хувиар нь тооцоход бид ирэх жил 2.2 их наяд төгрөгийн орлогыг далд эдийн засгаас ил болгоход л 2024 оны улсын төсөвт нэмэгдэх гээд байгаа 660 тэрбум төгрөгөө татварын нийт орлогоор нэмээд бүрдүүлчих боломж бий гэж харагдаж байна.

-100.000 гаруй иргэн цахимаар гарын үсэг зураад, саналаа өгчихсөн, эдийн засгийн хувьд талуудад харилцан ашигтай, давуу тал үүсгэж байгаа энэ санал хууль тогтоогчдын дэмжлэгийг авч, хуульчлагдах нь цаг хугацааны асуудал юм биш үү?

-Би улс төрч биш, шийдвэр гаргагч биш болохоор энэ асуултад хариулж чадахгүй нь. Бизнес эрхлэгч нарын зүгээс өрсөлдөөний орчныг эрх тэгш, шударга болгоё, татварын хуулийн хэрэгжилт бизнес эрхлэгчдэд жигд, тэгш үйлчлээсэй л гэж бодож байна. Энэ ч утгаараа боломж бий гэж харж, тооцож байна.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

Хууль бус олборлолт хийсэн зөрчлийг илрүүлжээ
Хууль бус олборлолт хийсэн зөрчлийг илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.