/2023.10.27/: Нийслэлийн бизнес, инновацыг хөгжүүлэх “Шинжлэх ухаан” аяны хүрээнд хотын тулгамдсан асуудлыг өгсөн дата мэдээлэлд тулгуурлан шинжилж, гарсан үр дүнгээр дамжуулан шинэлэг шийдлүүдийг шалгаруулах “5 шийдэлт” хакатон тэмцээнийг Нийслэлийн Бизнес инновац, хөгжлийн газар, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв болон “Unread Media” хамтран зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн нь Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод тулгарч буй асуудлуудад гарц шийдэл боловсруулах, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилготой. Тодруулбал,
- Авто угаалгын газруудад саарал усны технологи нэвтрүүлэх шийдэл боловсруулах /2023.11.02-03/
- Автомашин хуваалцах шийдэл боловсруулах /2023.11.09-10/
- Нийслэл хотын хүнсний тээвэрлэлтийн шийдэл боловсруулах /2023.11.16-17/
- Автомашины урсгал тоолох шийдэл боловсруулах /2023.11.20-21/
- Хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх шийдэл боловсруулах /2023.11.23-24/ гэсэн таван сэдвийн хүрээнд болно.
Оролцогч баг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүд өгөгдлийн шинжээч, өгөгдлийн сэтгүүлч, программ хангамжийн инженер, старт-апууд, өгөгдлийн шинжээчээр суралцдаг оюутан, судлаач, сонирхогч гэх мэт төрөл бүрийн салбарын төлөөлөл байх боломжтой. Багууд оролцох хакатоныхоо агуулгын хүрээнд өөрсдийн боловсруулсан гарц гаргалгаа, шийдлээ танилцуулж, зохион байгуулалтын багаас өгсөн болон нэмэлт баталгаат эх сурвалжийн судалгаа, холбогдох өгөгдлийг ашиглан түүнд суурилсан хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй, бодит байдалтай уялдсан технологийн шийдлийг боловсруулах юм.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Эх сурвалж: НЗДТГ