/2023.10.24/: Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 25 дугаар хуралдаан боллоо.
Оросын Холбооны Улсын Засгийн газрын шадар сайд В.В.Абрамченко тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж хоёр улсын худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, байгаль орчин, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар санал солилцон, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тохиролцлоо.
ЗГ хоорондын комиссын хуралдаанаар тохиролцсон асуудлууд:
1.Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн, уул уурхайн тэсэлгээний материал, хөдөө аж ахуйн бордоог найдвартай, тасралтгүй нийлүүлэх,
2. Монголын уламжлалт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор ноос ноолуур, арьс шир болон мах, махан бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх зорилгоор чөлөөт худалдааны түр хугацаатай хэлэлцээр байгуулж, мал эрүүлжүүлэх цогц арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх
3. ”Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаль орчны судалгааны ажлыг үргэлжлүүлэх
4. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, “Богдхан төмөр зам” төслийг хамтран хэрэгжүүлэх
5. Улаанбаатар хотын ДЦС-3-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэх,
6. “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд хамтран ажиллах
7. Хоёр улсын хооронд төгрөг, рублиэр тооцоо хийх төлбөр тооцооны механизмыг ОХУ-д тавигдсан хоригийг зөрчихгүйгээр бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах