/2023.10.23/
НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэд байр сууриа илэрхийлж энэ тоо 100 мянгад хүрээд байна. Тэгвэл энэ талаар нийгмийн сүлжээнд илэрхийлж байгаа зарим нэгэн байр суурийг хүргэж байна.
Б.Гантулга - CEO клубын ерөнхийлөгч
Одоо бизнест татвараа төлдөг, НӨАТ-ын баримт өгдөг нэг хэсэг байхад татвараас зугтдаг, НӨАТ баримт өгдөггүй нэг хэсэг байна. Татвар төлөхгүй гээд зугтаж байгаа хүний татварыг 1% болгоод ч тэр хүн татвараа төлөхгүй зугтаана. Тиймээс бизнесийн хамгийн гол зорилго болсон хэрэглэгч, харилцагч нарын тусламжтайгаар татвар төлүүлдэг болгох гол хөшүүрэг нь НӨАТ буцаан урамшуулал олгох систем.
Үр дүнгээ өгч байгаа энэ системийг хөгжүүлэх, дараагийн шатанд нь гаргах цаг нь болсон гэж бодож байна. Мөн НӨАТ буцаалтын ихэнх хувийг өндөр хэрэглээтэй 10% баян иргэд авна гэсэн ухааны тайлбар тавьж байна лээ. Уг нь бол тэр 10% нь тухайн жил орон сууц худалдаж авч байгаа залуу гэр бүл, автомашин худалдаж авч байгаа л иргэд ихэнх нь байгаа даа. Тэгэхээр нэг их баян даа ч биш угаасаа их мөнгөний худалдан авалт хийж байгаа хүмүүс их буцаалт урамшуулал авна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Л.Оюун - Эдийн засагч
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь төсөвт ямар ч дарамт болохгүй. Харин ч сүүдрийн эдийн засаг агшиж, төсвийн орлого нэмэгдэнэ. Иргэдэд НӨАТ тавьж, буцаан олголтыг бий болгосноор иргэдийн худалдан авалтаар дамжуулаад аж ахуйн нэгжүүдийн орлогыг бүртгэгдэж, татварын бааз суурь өргөжинө. Сангийн сайд Б.Жавхлан төлж байгаа хэдээсээ л ахиухан шимэгчлээд байх санаатай байгаа болохоос бус татварын сууриа нэмэгдүүлье, өргөжүүлье гэсэн ямар ч санаачилга байхгүй. Арай л хойрго уу? Адилхан л эдийн засагч хүн биз дээ. Одоо иргэд маань саналаа идэвхтэйхэн өгөөд, хаа хүрдгийг нь харах хэрэгтэй дээ. Шүүмжлэлээс илүү оролцоо чухал.