Д.Сумъяабазар нийслэлийн удирдах ажилтнууд болон албан хаагчдад талархал илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар нийслэлийн удирдах ажилтнууд болон албан хаагчдад талархал илэрхийллээ

/2023.10.04/: Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлэв.

Тэрбээр “Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачидтай хамтран судалгаа хийх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг анх удаа байгуулж, үүн дээр суурилан Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, УИХ, Засгийн газартайгаа хамтран, хотын эдийн засгийг тэлэхэд анхаарч ажилласан.

Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан 420 тэрбум төгрөгийг хотод үлдээх түүхэн шийдвэр гарч, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 9000 орчим гарааш буулгаж, ногоон байгууламж болгох ажил үргэлжилж байна. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Зам, замын байгууламжийн бүтээн байгуулалт ч үргэлжилж байна. Анх удаа дотоодын компани Зайсангийн гүүрийг есөн сарын хугацаанд ашиглалтад орууллаа. Яармагийн гүүрийг үндэсний компани барьж байна. Ард Аюушийн өргөн чөлөөний замыг олон жил ярьсан ч ажил хэрэг болж чадахгүй байсныг эхлүүллээ.

Энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна. Түүнчлэн Тойрог хурдны зам, “Эрдэнэс Баянбогд” төсөл, метро, Улаанбаатар хотын бондын ажил цаашид үргэлжлэх ёстой. Мөн Улаанбаатар хотын багц хуулийг батлах шаардлагатай. Ингэснээр хотын эдийн засаг тэлж, нийгмийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийднэ.

Хотын ажлыг нийслэлийн харьяа агентлагууд нугалдаг. Ковид болон үерийн үед хамтран ажиллаж, ачааны хүндийг үүрэлцсэн бүх хүнд талархал илэрхийлж байна. Хот гэдэг том айл. Асуудлыг тухай бүр шийдээд явсан бол өнөөдрийн энэ тулгамдаад байгаа асуудлууд үүсэхгүй байсан. Цаашид сайн ажиллахыг хүсье. Хотын ажлыг бүх талаас нь дэмжиж ажиллана” хэмээлээ.

Он гарснаас хойш Хотын дарга 28 удаагийн шуурхай зөвлөгөөнөөр нийт 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байжээ. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр л гэхэд 14 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 85 хувьтай байв.

Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгосон бөгөөд хэрэгжилт 90 хувьтай байна. Сайжруулсан шахмал 120 мянган тонн түлш нөөцлөөд буй. Мөн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ /RFID TAG/-г суурилуулахтай холбоотой ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суурилуулах бэлтгэл ажил хангагдсан бөгөөд одоогоор тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг суурилуулах түр журмыг баталж, суурилуулалтын ажил эхлэх үйл ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, эрчимжүүлж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн 305 сургууль, 712 цэцэрлэгт “Гараас гарт” арга хэмжээг зохион байгуулж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй юм.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны “2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/817 дугаар захирамжийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэл, үр дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Хөрөнгө оруулалтаар хийж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж хэрэгжилтэд хяналт тавих.
  • Орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нутгийн захиргааны бүх шатны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дээд шатны байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас холбогдох нутгийн захиргааны болон аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.
  • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах.
  • Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлагууд өөрсдөө салбар салбарын хэмжээнд хийж байгаа ажлуудынхаа гүйцэтгэл, үр дүнг, тоон мэдээлэл, судалгааг иргэд, олон нийтэд мэдээлэх зэрэг үүрэг өгөв.

Эх сурвалж: НЗДТГ

Өнөөдөр багавтар үүлтэй, 12-14 хэмийн дулаан байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 12-14 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.