Д.Сумъяабазар мэдээлэл хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар мэдээлэл хийж байна

/2023.10.02/ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, өөрийн төрж өссөн Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө хүчээ зориулахыг хүссэн. Улаанбаатар хотод ужгирсэн 30 жилийн асуудал, үүссэн нөхцөл байдлыг хөгжлийн зөв шатанд хүргэхэд онцгой анхаарч ажиллахаар зорьсон. Нийслэлийн засаг даргын ажлыг 2021 оны аравдугаар сарын 23-ны өдөр хүлээж авсан. Тэр үедээ хотын асуудлыг шийдэхэд УИХ дах МАН-ын бүлэг, Засгийн газар болон Улаанбаатар хотын институц хоорондын уялдаа холбоог улам ойртуулж, нягтаршуулж, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллана гэдгээ хэлж байсан.

Тийм учир Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрүүл засаглалын тогтолцоо, эдийн засаг, эрхзүйн орчныг сайжруулахаар УИХ-ын гишүүд, Засгийн газрын хүч оролцоотойгоор ажиллаж, боломжийг бүрдүүлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлээс сонгогдсон 24 гишүүн, орон нутгаас сонгогдсон хоёр гишүүний хамтаар Хөгжлийн түр хороог байгуулсан. Энэ түр хороонд Улаанбаатар хотын төсөв санхүүг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын барилга байгууламж, замын стандартыг бий болгох, ахиулах зэрэг томоохон зорилтуудыг тавьж ажилласан.

Цаашдаа Улаанбаатар хотын эрхзүйн чадамжийг сайжруулахгүйгээр ажиллах нь үнэхээр хүнд ажил гэдгийг хэлмээр байна.

Эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд анх удаа бонд гаргахаар зорьж ажилласан. 2021 оны долоодугаар сарын 7-ны өдөр УИХ-аар батлагдсан Хотын асуудлыг шийдэх хуулиар баталгаажуулсан. Эдийн засгийг тэлж, аж ахуйн нэгжүүдийг дэмжих тал дээр хичээн ажилласан. Үер усны хүнд хэцүү нөхцөлд надтай хамтарч ажилласан хүмүүс болон СБД-ийн Засаг дарга Болормаад онцгойлон баярласнаа илэрхийлье, эмэгтэй хүний хувьд маш сайн ажилласан.

Цаашдаа бондын асуудлыг шийдвэрлэж, хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд, Сэлбэ гол дагуух цуцалсан захирамжуудыг ч хэвээр үлдээн, даланг яаралтай байгуулж, эрчимжүүлэх ёстой олон асуудал бий. Нийслэлийн төсөвтэй холбоотой асуудал удахгүй УИХ-аар гарна.

Нийслэлийн ИТХ-аар Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг батлуулсан. Гэх мэт маш олон асуудал цаашид үргэлжлэх ёстой. Тиймээс Ерөнхий сайд дараагийн хотын даргыг яаралтай сонгох нь зүйтэй гэдэг шийдвэрийг өөрийн зүгээс гаргалаа. Нэг хүний ажил төрөлтэй холбоотой, сандал суудалтай зууралдаж суух цаг биш. Удахгүй өвөл эхэлнэ, агаарын бохирдол, түлш, шатахуун гээд хүнд цаг үетэй тулах гэж байгаа тул аль болох хугацаа алдалгүйгээр шийдвэрийг гаргалаа.

Эрүүл засаглал хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийг байгуулсан. Бодлогын судалгааг гаргахаар байгуулсан. Улаанбаатар хотод судалгаа, тооцоололтой байж гэмээ нь хотод тулгамдаж байгаа асуудлыг углуургаар нь, урт хугацаанд нь шийдэхэд, олон зүйлийг өөрчилж шинэчлэхэд бодлогын судалгаа чухал.

Энэ төвд хэрэгжиж байгаа датануудыг нэгтгэн олон улсын дата судалгааны байгууллагууд, дотоодын их дээд сургуулийн 16 байгууллагатай хамтран шалтгаан дээр суурилсан алдааг засаж ажиллах энэ ажлыг дараагийн дарга хадгалж ажиллаасай гэж хүсэж байна.

Цаашид Улаанбаатар хотыг хөгжлийн индексээр нь хэмжиж, нийт 123 байгууллага, 48 мянган төрийн албан хаагчдыг удирдахын тулд шинжлэх ухаанд суурилсан, зөв удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх энэ бодлогыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Хотын асуудлууд дангаар оршдоггүй. Жишээ нь, түгжрэл бол зөвхөн барилга байгууламж, замтай холбоотой асуудал биш. Энэ бол хотын зөв төлөвлөлт дээр суурилсан хотын дунд болон урт хугацааны төлөвлөлтүүдээс шалтгаална.

Хотын дарга болсноос хойш ковид, жагсаал цуглаан, үер ус гээд олон асуудалтай тулгарсан. Эдгээрийг давж гарахын тулд УИХ, Засгийн газар, аж ахуйн нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагууд гээд олон байгууллагатай хамтран ажилласан, ажиллаж байна.

Хот гэдэг хэсэг бүлэг хүний эсвэл нэг намын асуудал, нэг хүний удирдлагаар шийддэг асуудал огт биш. Улаанбаатар хотын шийдэх ёстой асуудлыг заавал УИХ-ын түвшинд, Хотын хөгжлийн түр хорооны хамтаар шийдэх хуулийн цогц асуудлыг энэ намрын чуулганаар шийдэх нь манай хотын иргэдэд маш хэрэгтэй суурь нөхцөл болно гэдгийг зориуд захиж хэлмээр байна.

Манай хотын амьдрал зогсож болохгүй. Эрхзүй болон эдийн засгийн чадамжгүйгээр манай хот цаашлах хэцүү. Цаашдаа УИХ, Засгийн газрын түвшинд бий болгосон хамтын ажиллагаа, ойлголцлыг цаашид үргэлжлүүлээсэй. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр гарсан 146 дугаар тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүй байх тогтоолыг цаашид үргэлжлүүлж, олон асуудлыг шийдэх бодлогыг хэвээр хадгалаасай гэж хүсэж байна.

Хотын иргэдийг бухимдуулсан зүйл бол автобус худалдан авах асуудал байлаа. Тэнүүн огоо ч байна уу, компаниудын захирлуудтай уулзаж байгаагүй. Энэ компанийн үйл ажиллагааг дэмжиж, корпорацийн түвшинд ажиллах нь зүйтэй юм байна гэж Д.Амарбаясгалан дарга санаачилж уулзуулж байсан түүхтэй юм шүү.

Тиймээс энэ автобусны асуудалд процесст нь алдаа гарсанд, иргэдийг бухимдуулсандаа үнэхээр уучлалт хүсэж байна. Хууль хяналтын байгууллага яаралтай шалгаж, зохих журмынх нь дагуу гаргаж ирэх ёстой. Үүн дээр иргэдтэйгээ санал нэг байна. "Сүхбаатарын талбай дээр бүгдийг нь ил гарга, иргэдийн сэтгэл санаанд нийцэж байгаа бол хүлээж авна, нийцэхгүй бол бүгдийг нь буцаах болно" гэдэг байр суурьтай байсан шүү гэдгээ хэлье.

Намайг дэмжиж, шудрагаар шүүмжилж ирсэн бүх хүнд баярласнаа илэрхийлье. Намайг дэмжиж ажилласан нийт төрийн албан хаагчдадаа, хотын иргэддээ талархаж байгааг минь хүлээн авна уу.

Хотын даргын ажил үнэхээр хэцүү юм байна лээ шүү. Би хууль батлах байгууллагат ажиллаж байлаа, уул уурхай хүнд үйлдвэрийн салбарыг ахлан сайдаар нь ч ажиллаж байлаа. Үнэхээр хотын дарга гэдэг бол яам болон УИХ-ын түвшнээс шал өөр маш өргөн хүрээнд, маш олон хүний эрх ашиг, ашиг сонирхол давхацдаг маш зовлонтой бөгөөд хүнд ажил юм билээ шүү гэдгийг хэлмээр байна.

Дараагийн хотын даргаа хайрлаарай, шахаж, шудрагаар шүүмжилж, ирлэж ажиллаарай. Энэ бол маш олон талтай хамтран ажилладаг, маш хэцүү ажил байна шүү гэдгийг хэлмээр байна.

Би ёс зүйн хариуцлагаа хүлээж, өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна. Би чинь Монгол Улсын аварга хүн шүү дээ. Ард түмнийхээ өмнө цолоо дуудуулдаг, онцгой эрхтэй хүн. Тийм учир ард түмэндээ хүндлэлтэй хандах ёстой, бухимдуулсандаа уучлалт гуйх ёстой. Энд ямар ч улстөрийн шахалт байхгүй. Нөхцөл байдлаа үнэлээд, энэ хүмүүсийн өмнөөс уучлалт хүсээд, өргөдлөө өгье л гэсэн. Олон түмнийг чилээгээд л, суулт хийж байгаа хүмүүсийг суулгаад л байх сонирхол байхгүй. Ёс зүйн хариуцлагаа хүлээж байгаа хэрэг.

Нийслэлийн намын хороо бол миний байгуулсан хороо. Намын асуудал цаашдаа намынхаа асуудлаар үргэлжилнэ. 2020 оны УИХ-ын сонгуульд намаа ганцаараа удирдаж ажилласан. Нийт 45 улстөрч нэр дэвшихэд, 75,6 хувь нь дандаа залуучуудыг дэвшүүлсэн. Хуучинтайгаа зууралдаад байвал угжраад л байна, тиймээс урагш харах ёстой, өөрчилж хөгжүүлэх ёстой.

Тэнүүн-Огоогийн хэргийн араас Эрдэм Трансын хэрэг мандав
Тэнүүн-Огоогийн хэргийн араас Эрдэм Трансын хэрэг мандав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.