“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт“ зохион байгуулахад НҮБ хамтрагчаар орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт“ зохион байгуулахад НҮБ хамтрагчаар орно

/2023.09.22/: АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедтай уулзлаа.

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд талууд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

Монгол Улсын НҮБ-ын хүрээний үйл ажиллагаа, тэр дундаа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энхийг сахиулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, идэвхтэй оролцоо, хувь нэмрийг Амина Мохаммед дэмжиж байдгаа илэрхийлэв.

Мөн боловсрол, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, хоршооллын асуудлаарх тогтоолуудын ач холбогдлыг өндөр үнэлдгээ хэлэв.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол, түүний дотор “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулсан юм.

Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бүс нутагтаа дээгүүр байр эзэлдэг улсын нэг гэдгийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо.

Тухайлбал сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улс, бүс нутгийн түвшний хурал, арга хэмжээ зохион байгуулсны зэрэгцээ ирэх онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэлэв.

Энэ санаачилгыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед талархан хүлээн авч, НҮБ хамтран зохион байгуулагчаар оролцоход бэлэн байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЕТГ

БНСУ багш нарыг эцэг эхчүүдийн дарамтаас хамгаалах шинэ хууль баталлаа
БНСУ багш нарыг эцэг эхчүүдийн дарамтаас хамгаалах шинэ хууль баталлаа
 
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.