/2023.09.22/: Өмнөд Солонгос улс сургуулийн багш нарыг эцэг эхчүүдээс ирэх дарамтаас хамгаалах шинэ хууль баталжээ.
Багш нар орон даяар есөн долоо хоногийн турш жагсаал хийж, анги танхимд илүү эрх олгохыг шаардаж байна.
Тэдний хэлснээр эцэг эхчүүд заримдаа хүүхдүүдийг нь хүчирхийлсэн гэж мэдээлдэг, тэднийг ажлаас нь халуулна гэж байнга дарамталдаг аж.
Зарим нь багш нарыг хүүхдийг ямар нэгэн байдлаар хавчдаг гэж мэдээлж, эсвэл сурагчийг элдэв бусаар хэлж шүүмжилсэн гэж ярьдаг байна.
2014 онд батлагдсан Хүүхдийн халамжийн тухай хуульд "Хүүхдийн хүчирхийлэлд буруутгагдаж буй багш нарын албан тушаалыг автоматаар түдгэлзүүлнэ" гэж заасан нь эцэг, эхчүүдийг хэт туйлшруулсан гэж багш нар буруутгаж байгаа юм.
"Багшийн эрхийг сэргээх тухай хуулийн төсөл" гэж нэрлэгдсэн шинэ хуулийн дагуу хүүхдийн хүчирхийллийн тухай мэдээлэл гарсны дараа багш нарыг шууд огцруулахгүй нэмэлт мөрдөн байцаалт, нотлох баримт шаарддаг болж байна.
Мөн өөрийн эрхээ хамгаалахаар шүүхээр явж буй багш нарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд ахлах багш нарт бусад багш нараа хамгаалах үүрэг хариуцлаг нэмэгдүүлжээ.
Долоодугаар сард бага ангийн 23 настай багш сурагчийн эцэг эхийн гомдлоос болж амиа хорлосны дараа эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм.
Багш нар эцэг эхчүүдээс байнгын ирдэг үнэн худал гомдлоос болж сурагчдадаа зааж сургах болон тэднийг хүмүүжүүлэх чадваргүй болгосон гэж мэдэгджээ.
БНСУ-ын Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо шинэ хууль тогтоомжийг сайшааж, "багшлах эрхийг өргөжүүлж, суралцагчдын сурах эрхийг хамгаална" гэж мэдэгдэв.
Найман долоо хоног дараалан нөхцөл байдлыг сайжруулахыг шаардан гудамжинд гарсан багш нарт үйлдвэрчний эвлэлийнхэн гүн талархал илэрхийлж, өнөөдрийн амжилт тэднээс шалтгаалсан гэж мэдэгдэв.
Эх сурвалж: ВВС