АЙЛЧЛАЛ: Лаос орны талаар ТА МЭДЭХ ҮҮ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЙЛЧЛАЛ: Лаос орны талаар ТА МЭДЭХ ҮҮ?

Гэрэл зургийг Паулин Тан

/2023.9.7/ Улсын Их Хурлын дарга Г. Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан манай улсад айлчлах гэж байна

Айлчлал өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 10-ныг хүртэл үргэлжилнэ. Айлчлалтай холбоотой тус орны талаар зарим мэдээллийг хүргэе.

Лаос улсыг “Сая зааны орон” хэмээдэг. Зүүн азийн орнуудын дундаас далайд гарцгүй, хуурай газраар хүрээлүүлсэн, манайхтай ижил төстэй газар зүйн байршилтай улс.

ХАРИЛЦАН ТУСЛАЛЦСАН ТҮҮХ

Монголын УИХ-ын чуулганы танхимын улаан модон ширээ, сандлуудыг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгвэл тус сандал ширээг одоогоос 20 гаруй жилийн өмнө ардчилсан Монгол Улсын парламентын засаглалыг талархан дэмжиж Лаос улсаас бэлэглэж байсан түүхтэй.

Харин манай улс тус улсын эрх чөлөөний тэмцлийн үе буюу 1975 оноос тусламж илгээж байжээ. Тухайн үед Лаос хаант засаглалаа халж, тусгаар тогтнолоо зарлаж байв.

Манай Засгийн газраас жил бүр тус улсын 10 оюутанд тэтгэлэг олгож, сургаж ирсэн бөгөөд өнөөдөр Монгол Улсад Лаосын 47 оюутан суралцдаг.

Монголын эмч нар тус улсад очиж ажиллаж байсан бөгөөд 1984 онд Лаост эмнэлэг байгуулж өгөхөөс гадна эм тарианы тусламжийг үзүүлж байв. 2010 онд байгуулж өгсөн эмнэлгээ их засварт оруулж өгчээ. Мөн 2018 онд 1000 хонь илгээж байв.

ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 61 ЖИЛИЙН ОЙ

Хоёр улс 1962 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 61 жилийн ой тохиож байна.

Анх 1979 онд Монгол Улсын сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх тус улсад айлчилж байв. Түүний дараа 1980 онд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Суфанувонг манай улсад айлчилсан байна. Мөн 1985 онд тэрбээр дахин манай оронд айлчилжээ.

Харин түүнээс хойш Ерөнхийлөгчийн түвшний айлчлал хэсэг холдож байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд, Ерөнхийлөгч Н.Багабанди 2005 онд тус улсад айлчилснаар харилцаа хамтын ажиллагааны шинэ үе эхэлсэн гэж үздэг.

2007 онд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон Монгол Улсад айлчилж байв.

Харин парламентын түвшний харилцан айлчлалын давтамж ардчилал, шинэчлэлийн цаг үеүдэд ч хэвээр хадгалагдаж, 1998, 2002, 2008 зэрэг онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Ж.Бямбадорж, Д.Дэмбэрэл нар Лаос улсыг зорьж байв. Лаосын Үндэсний Ассамблейн дарга нар 2000, 2008, 2012 онуудад манай улсад айлчилсан харилцан хамтын ажиллагааны түүхийн хуудас зузаарсаар иржээ.

Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага 1999-2000 оны хооронд хамтран ажиллах санамж бичиг, Лаосын Үндэсний Ассамблей, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хооронд 2010-2013, 2014-2018 онуудад хамтын ажиллагааны протокол байгуулан хамтран хэрэгжүүлж байна.

2022 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумфон Фомвихан нар цахим уулзалт хийх үеэр Лаосын тал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны уламжлалаа сэргээх, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах саналаа илэрхийлж, улмаар Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын хооронд хамтран ажиллах тухай санамж бичгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Лаост хийсэн айлчлалынхаа үеэр айлын талтай шинэчлэн байгуулсан.

ЛАОС УЛС МАНАЙ УЛСАД ЦАГААН БУДАА ТАРИАЛАХ
ГАЗРЫН ХҮСЭЛТ ИЛГЭЭЖЭЭ

Нэгэн жарны эхлэл тохиох энэ цаг үед Улсын Их Хурлын дарга Г. Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан энэ сарын 7- 10-нд албан ёсны айлчлал хийх гэж байна. АСЕАН-ы гишүүн, Зүүн өмнөд Ази дахь чухал түнш БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газартай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх нь чухал хэмээн үзнэ.

Хоёр улс уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлж ирсэн ч худалдаа, эдийн засаг, бизнесийн харилцаа төдийлэн сайн биш байна. Парламентын хамтын ажиллагааны зүгээс энэ талын харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахын чухлыг хоёр тал ярилцаж байна.

Өнгөрсөн жил Лаос-Хятадын өндөр хурдын төмөр зам ашиглалтад оржээ. Тиймээс Хятад улсаар дамжуулан тээврийн салбарт хамтран ажиллах таатай боломж нээгдэж байна. Бараа, бүтээгдэхүүний худалдаа наймаанаас эхлээд иргэд хооронд хямд өртгөөр харилцан зорчиход саадгүй болох нь.

Мөн БНАЛАУ-ын Засгийн газраас цагаа будаа тариалах зорилгоор манайд 10 мянган га газар олгох хүсэлт тавьжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.