/2023.09.05/: Цахим орчинд багш нарын цалингийн талаарх Боловсролын сайдын хэлсэн үг маргаан дэгдээгээд буй.
Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.
Тэрээр,
"Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж үг бий. Ам ажил зөрөхгүй байх ёстой. Өнгөрсөн ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар багш нарын гүйцэтгэлийн 1-4 шатны үнэлгээгээр хамгийн сайн үнэлэгдсэн багшийн урамшууллыг 50 хүртэл хувь нэмэхээр ЗГ-ын тогтоол гарсан. Уг шинэ үнэлгээгээр сайн гүйцэтгэлтэй багшийн цалин, урамшуулал нийлээд 2,673,000 болох бүрэн боломж нээгдлээ гэж ярьсныг хэд хоног мушгилаа.
Миний хувьд багш нарын цалин 1000 доллар байх ёстой гэж анх удаа хэлсэн хүний хувьд ч тэр, өнөөдрийн байдлаар ийм цалин авч байгаа багш нараасаа үр дүн нэхэж чадахгүй байна гэж хэлдэг хүний хувьд ч тэр багш нарынхаа, эсрэг, тэр тусмаа өндөр цалин өгдөг гэж хэзээ ч ярихгүй.
Би баруун 3 аймагт ажиллаж байна. Өчигдөр БШУЯ-нд холбогдох статистик, цалингийн баталгаажсан мэдээлэлтэй дарга нар мэдээлэл хийсэн. Харин 29 жил ажиллаад 8 сард 235.000 төгрөгийн цалин авсан гэж сошиалд намайг загнаад байгаа багш 3-4 өдрийн орсон цалингаа бичсэн байна лээ.
Бас ч гэж багш хүн байж ингэж муйхарлаж, харлуулж болохгүй шүү.
Гүйцэтгэлийн үнэлгээ бол ямар ч багш өөрийгөө хөгжүүлж заах арга, ур чадвараа дээшлүүлж, шавь нарынхаа сурлагад ахиц дэвшил гаргасныхаа төлөө өндөр цалин авах боломж. Хуучин социалист үед байсан хэн сайн, хэн муу нь хамаагүй жигд цалин авдаг байсан хуучин тогтолцоо бол шударга бус, хэн нэгний үзэмжээр шийддэг тогтолцоо байсан.
Чөлөөт эдийн засгийн энэ үед хэн сайн өөрийгөө хөгжүүлж, чармайж, хэн нь хүүхдийн төлөө зүтгэсэн нь сайн цалин авна. Гүйцэтгэлийн үнэлгээ 1-4 гэсэн ангилалтай. Энэ ангилалд дээшээ доошоо хэлбэлзэх нь зөвхөн багшаас хамаарна. 2.5 сая төгрөгийн цалин авч байгаа багш нар байгаа. Бид зөвхөн. тогтолцоогоо, хандлагаа өөрчилцгөөе гэсэн том зорилтын өмнө хамт тулж ирээд байгаа юм шүү дээ" гэжээ.