/2023.08.16/: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны тавдугаар сард хийсэн хяналт шалгалтаар хэд хэдэн газар эзэмшигчид “Ойн тухай хууль”-ийг зөрчиж газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон.
Тус хяналт шалгалтын ажлын хүрээнд 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газарт Захиргааны ерөнхий хууль заасны дагуу Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэн цуцлах саналыг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байсан юм.
Харин БОАЖ сайдын 2023 оны наймдугаар сарын 01 өдрийн А/299 тоот тушаалаар Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай Богдхан ууланд олгогдоод байсан 169405 м.кв талбайг хамгаалалтад аваад байна.
Мөн 2023 оны зургаадугаар сард БОАЖ яамны Салбарын хяналтын газар, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газар, Усны газар хамтран хийсэн хяналт шалгалтаар Улсын тусгай хамгаалалттай газрын Усны онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулалчлын яаманд хүргүүлээд байна.