/2023.8.15/ Тэртээх 1945 оны энэ өдөр БНСУ Японы дарлалаас чөлөөлөгдсөн билээ. Тиймээс энэ өдрийг Солонгосчууд Үндэсний баярын өдөр болгон тэмдэглэдэг.
Гэтэл судалгаагаар 1995-2009 онд төрсөн дөрвөн залуу хүн тутмын нэг нь Үндэсний чөлөөлөгдсөн өдрийн утга агуулгыг мэддэггүй гэдэг үр дүн гарчээ. Энэ судалгааг өчигдөр буюу даваа гарагт олон нийтэд хүргэсэн нь олон солонгосчуудыг цочролд оруулжээ.
Судалгаанд оролцсон залуусын 15,6 хувь нь энэ өдрийг "Сайн мэдэхгүй" гэж хариулсан бол 11,2 хувь нь "Огт мэдэхгүй" гэж хариулсан байна. Ердөө 21,9 хувь нь энэ өдрийг маш сайн мэдэж байсан бол, 51,4 хувь нь бага зэрэг мэддэг гэж хариулжээ.
Харин нас нь ахих тусам судалгаанд оролцогчид энэ өдрийг сайн мэддэг болох нь харагдсан байна. Ялангуяа 1964 он ба түүнээс өмнө төрсөн хүмүүсийн 92,3 хувь нь энэ өдрийг маш сайн мэддэг талаар хариулжээ.
GenZ үеийнхнээс "Энэ өдөр Япон улс руу аялах нь тохиромжтой гэж үзэж байна уу" гэхэд 32,6 хувь нь "Асуудалгүй" хэмээн хариулжээ.
Дашрамд сонирхуулахад, дээр дурьдсанчлан өнөөдөр бол БНСУ-ын Үндэсний чөлөөлөх өдөр буюу үндэснийх нь баярын өдөр. 1910 онд олон жилийн дайн, сүрдүүлгийн эцэст Солонгос Улс Японд дагаар орсон хэрэг.
1910-1945 оны хооронд БНСУ-ыг Япон улс эзлэн авч, энэ хугацаанд тус улсын түүх, соёлыг үгүй хийх зорилготой байв. Бүх түвшний сургуулиудад солонгосоор ярихыг хориглож, солонгосчуудыг зөвхөн Японы эзэн хааны төлөө бүх амьдралаа зориулахыг шаарддаг байжээ. Энэ хугацаанд Солонгосын 200 мянга гаруй түүхэн баримтуудыг устгаж, түүхийн хувьд тус улсыг "ой санамжгүй" болгосон. Эзлэн түрэмгийллийн үед Японы 100 мянган гэр бүл Солонгосын газар нутагт амьдарч, газар тариалан эрхэлж байв.
Мөн солонгосын олон мянган эмэгтэйчүүдийг Дэлхийн II дайны үед фронт руу секс боолоор илгээж, бэлгийн хүчирхийлэлд оруулж байсан гашуун түүхтэй.
Ингээд 35 жилийн дараа 1945 оны энэ өдөр Японы дарангуйллаас чөлөөлөгдсөн юм. Мөн энэ үйл явдлаас хойш гурван жилийн дараа мөн наймдугаар сарын 15-ны өдөр БНСУ-ын анхны Засгийн газар байгуулагдаж байсан түүхтэй.
Эх сурвалж: Korea times, History