/2023.07.07/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
08.30 цагт ХӨСҮТ-д: Японы тусламжаар 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ-ийн Түлэнхийн төвд туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон “Ниссан Патрол” түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгнө.
Мөн энэ үеэр цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ХӨСҮТ-өөс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгнө.
10.00 цагт: УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11.00 цагт ШШГЕГ-ын байранд: Хэнтий аймгийн Чингис хот хүртэл гүйлтээ эхлүүлж буй 407 дугаар хорих ангийн үйлдвэрийн дарга, гавьяат тамирчин, цэргийн хурандаа Б.Цэвээндашийг үдэн гаргана.
11.40 цагт: Үндэсний Их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ.
11.00 цагт “Хишиг Монгол” амралтын газарт: БНСУ-ын олон улсын “Мирал” сан Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүүхдүүдийг эмчилж ирсэн 19 жилийн ойн үйл ажиллагаа болно. Тус сангийн тусламжаар 200 гаруй монгол хүүхэд зүрхний хагалгаанд оржээ.
14.30-15.00 цагт: УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй БНЭУ-ын парламентын доод танхимын дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажилтай оффист нь танилцана.