/2023.07.06/: Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Сэлбэ, Туул, Дунд голын усны түвшин үерийн хэмжээнд хүрсэн.
Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан зарим хэсгээрээ сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж, УОК болон НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар үерийн эрсдэл бүхий 18 бүс байгаагаас ‘S outlet’ дэлгүүр, Алтай хотхон, Дарь-Эх, Улиастай зэрэг найман бүс үерийн аюултай түвшинд хүрчээ. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгааг УОК, НОК-ын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.
Өнөөдөр өглөө Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрсэн нь одоогоор хамгийн хүндрэлтэй бүс болоод байна.
Голын голдирлыг шахаж “S Outlets” дэлгүүрийн барилгыг барьсан нь далан сэтрэх нөхцөлийг үүсгэсэн аж.
Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын 300 гаруй албан хаагч энд ажиллаж байна. Мөн үерийн хор уршгийг арилгах, даланг өргөтгөх, босгох, шороо тээвэрлэх зэрэг ажилд онцгой, цагдаа, зэвсэгт хүчний анги, инженерийн байгууламж хариуцсан байгууллагын 200 гаруй ажилтан, алба хаагч, арав гаруй техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
Мөн энэ орчимд 26 орон сууц, 11 мянга орчим айл өрх байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд ундны цэвэр усаар хангаж, ихэнх байрны цахилгааныг хязгаарласан зэрэг нөхцөл байдлыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ерөнхий сайдад танилцууллаа.
Эх сурвалж: ЗГ