/2023.07.04/ Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Төрийн ордноос мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд 2008 оноос хойш ашиглалтад оруулсан 8677 барилга байгууламжийн комиссын дүгнэлтийг улсын хэмжээнд нэгтгэн 2023 оны зургаадугаар сарын 01-ний өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлсэн. “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2023/01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2002 оноос өмнө баригдсан 7631 /аймаг–5787, нийслэл–1844/ олон нийтийн зориулалттай барилга, байгууламж байгаагаас сургууль-513, цэцэрлэг-447, эмнэлэг-493, дотуур байр-307, нийт 1760 барилга байгууламжийг эхний ээлжинд паспортжуулах шаардлагатай байна.
Түүнчлэн урьдчилан сэргийлэх шалгалтад 295 объектыг хамруулан шалгаж шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг хувиар гаргавал зураг төсөлгүй /72/ 15%, зураг төслөөс өөрчилсөн /112/ 23%, норм, дүрэм, хууль зөрчсөн баримт бичгийн бүрдэлгүй /241/ 50%, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй /58/ 12%-ийг эзлэж, нийт 483 зөрчил дутагдал илэрснээс 52%-г арилгуулж, 92 эрх зүйн баримт бичиг гаргаж, 66.900.000 төгрөгийн торгууль шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна. Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 133 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж 33 барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч бусад аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага өгч, зөрчлийн 10 хэрэг үүсгэн ажиллажээ.
Эх сурвалж: БХБЯ