/2023.07.04/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дэд төвөөс цахимаар удирдан явуулсан юм. Тэрбээр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.5 хувьтай байв.
Тодруулбал: Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлын уялдааг сайжруулан, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд худалдан авах ажиллагааны хэрэгжилт 69 хувьтай байна. Мөн улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж байгаа 740, 2023 онд шинээр хэрэгжиж байгаа 428, нийт 1168 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.
Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон худалдаа үйлчилгээ гаргах зэрэг ажлууд эрчимжүүлж ажиллаж буй.
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийн дарга Д.Авирмэд:
Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 14.1 км авто зам, гурван гүүр баригдсан. Ингэснээр Баянхошууны эцсийн уулзвар, Жанцангийн авто зам, Долоон буудлын уулзвар, зуслангийн авто замын ачаалал ачаалал буурсан байна. Түүнчлэн 28 мвт дулааны станцыг барьж, Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанд холбосон. Одоогоор Толгойт дэд төвд дутагдаж байгаа дулаан хангамжийн 11.6 гкал/ц техникийн нөхцөлийн шийдвэр гаргуулах, Дэнжийн 1000-ын дулааны станц барих зарим ажлын хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай зэрэг асуудал тулгамдаж байна хэмээлээ. Эдгээр бүтээн байгуулалтын эх үүсвэр, эдийн засгийн тооцооллыг нарийвчлан гаргаж танилцуулахыг Хотын дарга онцолсон.
Эх сурвалж: НЗДТГ