Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ

/2023.06.20/: Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан-2023”-г танилцуулж байна.

1989 оноос хойш жил тутам тасралтгүй гарч буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан” нь 64 улсын өрсөлдөх чадварыг

  • Эдийн засгийн тамир тэнхээ
  • Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа
  • Засаглалын үр ашиг
  • Дэд бүтэц гэсэн үндсэн 4 хүчин зүйл, 20 дэд бүлэг,, нийт 335 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмжсэн, хамгийн дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгаа юм.

Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд орсон бол энэ жилийн тайланд Кувейт Улс нэмэгдсэн байна. Харин ОХУ болон Украйн улсыг өмнөх жилийн адил оруулаагүй байна. 2023 оны тайлангийн үр дүнгээс харахад:

  • Өрсөлдөх чадвар хамгийн сайн улсаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улс эрэмбэлэгдэв.
  • Дани Улс чансааны тэргүүлэх байр сууриа хадгалж, Ирланд Улс 7-р байрнаас 2-т, Швейцар 1 байраар ухарч 3-т эрэмбэлэгджээ.
  • Өрсөлдөх чадвар хамгийн сул улсаар өмнөх жилийн адилаар Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл улс нэрлэгдсэн байна.
  • Зүүн Ази, Баруун Европ өрсөлдөх чадвар сайн, Хойд Америк тогтвортой, харин зүүн Европын өрсөлдөх чадвар ихээхэн буурсан байна.

Дэлхий дахиныг хамарсан улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явдлын өрнөл улс орнуудын өрсөлдөх чадварт нөлөөлж байна. Тухайлбал, Ковид-19 цар тахлын дараа эдийн засгаа харьцангуй хожуу эргэн нээлттэй болгосон улс орнууд өрсөлдөх чадвараа сайжруулж (Тайланд, Индонез, Малайз), эсрэгээрээ эрт нээлттэй болсон улсуудын эдийн засгийн өсөлт харьцангуй удааширсан ажиглагдаж байна (Швед, Финланд).

Судалгааны үр дүнгээс харахад харьцангуй жижиг эдийн засагтай улс орнуудын өрсөлдөх чадвар хурдан сайжирсан хандлага ажиглагдаж байна. Тэдгээр улсад боловсролын болон институтийн сайн тогтолцоо, гадаад худалдааны түнш, гадаад зах зээлд хүрэх боломж сайн байгаа зэрэг нийтлэг дүр зураг ажиглагдаж байна.