/2023.6.15/ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1, 7,3 дахь хэсэгт заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү хоёр заалт нь:
7 дугаар зүйл. Хүүхдийн хамгаалуулах эрх
7.1.Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.
7.3.Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй.
Хяналтын сонсголыг 2023 оны долоодугаар сарын 03-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.
Сонсголд оролцох төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг НББХ-ноос урьжээ.