УИХ Үндэсний нийтийн номын сантай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ Үндэсний нийтийн номын сантай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

/2023.05.26/: Монгол Улсын парламентат ёс, хууль тогтоох үйл ажиллагааны өв, түүх, эдгээртэй холбоотой судалгаа, боловсуулалт, хөгжүүлэлт, төрт ёсны зарчим, дэг журам, үүнийг сахиулах, хадгалах, бэхжүүлэхтэй холбогдох шийдвэр, тогтоомж, бичиг баримт, ном бүтээлийн сан хөмрөгийг Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн, бүрдүүлж ажилладаг.

Зөвхөн хууль тогтоох үйл ажиллагаа, хэлэлцэн буй асуудал, түүнд холбогдох бүхий л сэдэв, агуулгаар шаардлагатай судалгаа, өгөгдөл мэдээлэл, лавлагаа, олон улсын түвшний баримтлал, гадаад улсуудын туршлага, түүхэн сургамжтай холбоотой ном товхимлыг цуглуулж, хуулийн хэлэлцүүлгүүдээс үүсэж буй баримтын санг бүртгэн бүрдүүлээд зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт, эмхэтгэл, бүтээлийг Парламентын номын сан хариуцан эрхэлж, төрийн байгууллагууд, олон нийтэд үйлчилж байна.

Дээрх үйл ажиллагаагаа олон улсын парламентын номын сангуудын жишгийн дагуу өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өнөөдөр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд цахим номын сангийн КОХА систем нэвтрүүлэх, сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, хамтран ашиглах, сэлбэн засах, сэргээн засварлах болон мэдээллийн сан, каталоги хөтлөх талаар харилцан мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Санамж бичиг байгуулах үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Парламентын номын сангийн талаар танилцуулж, мэргэжлийн болон олон улсын стандарт, жишгийн дагуу Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран ажиллахаар болж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор болж буй 33 дахь Номын баярын өдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа бэлгэшээж буйгаа илэрхийлээд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилж, зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн туурвисан “Үндсэн үлгэр” номыг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, яруу найрагч, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Ичинхорлоод гардуулав.

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо 100 жилийн түүхтэй номын сангийнхаа талаар товч танилцуулж, Санамж бичгээр тохиролцсон хамтын ажиллагааны үр дүнд ном соёлын үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлэх, Парламентын номын санг дэлхийн жишгээр хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт илгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Дөнгөж өчигдөр “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha)-ийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн сайхан мэдээг тэрбээр дуулгаад, Номын баяртай зэрэгцэн олон сайхан үйл явдал болж буйн нэг нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй энэ явдал болж байна.

Эх сурвалж: УИХ

Сөүлд гадаад иргэдийг гадуурхах нь ЭРС БАГАССАН гэх судалгаа гарчээ
Сөүлд гадаад иргэдийг гадуурхах нь ЭРС БАГАССАН гэх судалгаа гарчээ
 
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийнхны АНХААРАЛД
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийнхны АНХААРАЛД
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.