/2023.5.26/ Сөүлийн захиргаанаас тус хотод ажиллаж, амьдардаг гадны иргэдээс ялгаварлан гадуурхалтад өртдөг эсэх талаарх судалгааг жил бүр явуулдаг.
Тэгвэл судалгааны энэ жилийн дүн хоёр жилийн өмнөхөөс харьцангуй эерэг гарчээ.
Сөүл хотод 91-ээс дээш хоногийн хугацаатайгаар хууль ёсны дагуу оршин суугчдаас 2020 онд судалгаа авахад 38 хувь нь "Солонгос иргэдийн гадуурхалтад өртдөг" гэж хариулж байв. Харин энэ оны судалгаанд энэ дүн 15 хувь болж буурчээ.
Ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж хариулсан гадны иргэдийн 28 хувь нь ажлын байран дээрээ, 20 хувь нь дэлгүүр, банк, ресторанд ийнхүү гадуурхалтад өртдөг гэж хариулсан байна.
Сөүлд амьдардаг гадны иргэдийг хамгийн их зовоодог зүйл нь "Хүүхдүүдээ ямар сургуульд, хэрхэн сургах вэ" гэдэг асуудал ажээ. Харин үүний дараа ажил олох, орон байр олох нь хэцүү гэсэн байна.
Гэсэн хэдий ч судалгаанд хамрагдсан хүмүүсийн 56 хувь нь цаашид Сөүл хотод амьдарсаар байхыг илүүд үзнэ гэжээ.
Эх сурвалж: Korea times