Сүүлийн 70 жилд Монгол Улсын агаарын дундаж хэм 2.4 хэмээр нэмэгдсэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн 70 жилд Монгол Улсын агаарын дундаж хэм 2.4 хэмээр нэмэгдсэн байна

/2023.05.22/: Дэлхийн Улс орнууд "Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенц"-ийг 1992 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлан жил бүрийн энэ өдрийг "Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр" хэмээн тэмдэглэх болсон.

Өнөөдөр Монгол Улс уг конвенцод албан ёсоор нэгдсэн орсны 30 жилийн ой тохиож байна. 2023 оны Олон улсын Биологийн олон янз байдлын өдрийг “Хэлцлээс Хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриан дор Улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий орнуудын нэг бөгөөд сүүлийн 70 жилд агаарын дундаж хэм 2.4ºС-аар нэмэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт байгалийн экосистем, биологийн олон янз байдалд төдийгүй хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан зэрэг нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад сөргөөр нөлөөлж, ган, зуд, цасан болон шороон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн эрч, давтамж улам бүр нэмэгдэж байгаа нь цаг алдалгүй, яаралтай арга хэмжээ авахыг сануулж байна.

Дэлхийн хэмжээнд жил бүр биологийн олон янз байдлыг хамгаалахад 143 тэрбум доллар (17.6 хувь) зарцуулж байгаа хэдий ч энэ нь шаардлагатай нийт санхүүжилт болох 824 тэрбум доллартай харьцуулахад хангалтгүй тоо байна. Манай орны хувьд байгаль хамгаалах нийт зардлын 44.4 хувь нь улсын төсвөөс, үлдсэн 55.6 хувь нь олон улсын хандив, тусламжаас бүрдэж байна.

Тухайлбал, 2008-2018 оны хугацаанд Биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааны зардал нь улсын төсвийн 0.35-0.79% буюу ДНБ-ий 0.15-0.25% байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм.

Уг өдрийг угтаж 5 дугаар сарын 16-19-ны өдрүүдэд дөрвөн салбар хуралдааныг “Биологийн олон янз байдал ба ургамал”, “Биологийн олон янз байдал ба амьтан”, “Биологийн олон янз байдал, Генетик нөөц ба биоаюулгүй байдал”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлын санхүүжилтийн механизм” сэдвийн дор салбарын эрдэмтэн, судлаачид, олон улсын хандивлагч байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж цаашид анхаарах, хэрэгжүүлэх асуудлын талаар онцлон хэлэлцэв.

Нэгдсэн болон салбар хуралдаанаас гарсан зөвлөмжийг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгаж, эх орныхоо биологийн төрөл зүйл, түүний бүрэлдэхүүн хэсгийн алдагдлыг зогсоох, ирээдүйн ашиглалтын нөөцийг бий болгоход олон талт, идэвхтэй хамтын оролцоог хангаж, олон нийтэд түгээхэд чиглэн ажиллах юм.

Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлана
Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.