/2023.05.19/: Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Европын Холбооны TAIEX төслийн дэмжлэгтэйгээр “Тэтгэврийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх уулзалт-хэлэлцүүлэг”-ийг 2023 оны тавдугаар сарын 15-19-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалт-хэлэлцүүлгийг Европын холбооны улсуудын нийгмийн хамгааллын салбарын нэр хүндтэй зөвлөхүүд болох Паул Ролес (Бельги), Магда Зупанчич (Словени), Инга Бускете (Литва), Стивен Жансен (Бельги), Жоанна Ратажак-Лиссинка (Польш) нар удирдан явуулж, эдгээр улсуудад тэтгэврийн шинэчлэл хийсэн талаарх туршлагаа тэтгэврийн сангийн удирдлага, шилжилтийн үйл явц, тэтгэврийн тогтолцооны засаглал, байгууллагын бүтэц ба мэдээлэл технологийн систем, харилцаа холбоо гэсэн сэдвийн хүрээнд хуваалцаж, харилцан санал солилцсон юм. Тухайлбал, зөвлөхүүд нийгмийн даатгалын тухайлсан оновчтой зөв гэсэн тогтолцоо байхгүй, улс орон бүр өөрийн улсын онцлогт тохирсон шинэчлэлийг хийх нь хамгийн оновчтойг онцлоод, улс орнуудын тэтгэврийн шинэчлэл хийсэн алдаа, онооноос суралцаж, шинэчлэлийг эхлүүлэх хэрэгтэйг зөвлөж байлаа.
Түүнчлэн, зөвлөхүүд манай улсад ажиллах үеэрээ Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын зөвлөхүүд, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж санал солилцсон. Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг нийгмийн даатгалын сангийн менежмент, тэтгэврийн даатгалын өнөөгийн байдлын талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.
Энэхүү арга хэмжээ нь Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, тэтгэврийн шинэчлэлийг хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын болон тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжих зэрэг шинэчлэлийг хэлэлцэж байгаа цаг үед болсноороо ач холбогдолтой болсон юм.
Эх сурвалж: ХНХЯ