Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба ЖДҮ-г дэмжих бодлогын туршлага судлах уулзалт хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба ЖДҮ-г дэмжих бодлогын туршлага судлах уулзалт хийв

No description available.

/2023.05.16/: УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах уулзалт хийлээ.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ХАҮТанхим, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл, УИХ-ын гишүүдийн оролцсон уулзалтыг нээж УИХ-ын дарга үг хэлсэн юм. Түүний хувьд Япон Улсын хөгжлийн загвар, Ази маягийн эдийн засаг, засаглалын тогтолцооны сайн жишгийг судлах зорилгоор “Япон лугаа адил хөгжье” уриалгыг гаргасан.

Өмнө нь Япон Улсын хүмүүнлэгийн боловсрол, Аж үйлдвэржилт ба Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг, Төсвийн хөрөнгө оруулалтын стандарт, Төрийн албаны тогтолцоо сэдвүүдээр таван цуврал хэлэлцүүлгийг ЖАЙКА-тай хамтран хийж байжээ. Өнөөдрийн хэлэлцүүлэг УИХ-ын даргын дээрх уриалгын хүрээнд болж байгаа юм байна. Тэрбээр аж үйлдвэрлэлээ хөгжүүлж, бизнесийг дэмжиж, экспортлогч улс болох шаардлага бий гэдгийг хэлж байлаа.

No description available.

Экспортоо тэлэхэд жижиг дунд үйлдвэрлэл чухал ач холбогдолтой. Гэтэл Монгол Улсад жижиг бизнес эхлүүлэхэд харьцангуй амархан ч жижиг үйлдвэрлэлийг дунд шатанд гаргах маш их хүчин чармайлт хэрэгтэй, том хэмжээний үйлвэрлэл болгон тэлэх нь бараг боломжгүй гэдэг үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн яриаг онцолж байлаа.

Иймд төрийн зүгээс үүнд буюу тулгамдаж байгаа асуудлуудыг санхүү, бодлогын дэмжлэг болон шударга өрсөлдөөнийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлага бий гэдгийг УИХ-ын дарга онцолж байв. Япон Улс нь аж үйлдвэржилтээр эдийн засгийн бүтцээ богино хугацаанд өөрчилж чадсан улсын нэг бөгөөд үүнд нь төрийн нэгдсэн бодлого, бизнесийн үйл ажиллагааны таатай орчин чухал нөлөөтэй байсан нь дамжиггүй. Үүний зэрэгцээ Япон маягийн менежментийн арга барил энэхүү үсрэнгүй хөгжилд ямар ач холбогдолтой байсан талаар сонирхолтой илтгэлийг сонсож байгаадаа олзуурхаж байгаагаа илэрхийлж байсан юм.

No description available.

Огата судалгааны хүрээлэнгийн зочин судлаач, ЖАЙКА-ийн Хувийн хэвшлийн хөгжлийн салбарын ахлах зөвлөх, Олон улсын их сургуулийн олон улсын бизнесийн судалгааны тэнхимийн дэд профессор Фүнабаши Гакү Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг, дунд үйлдвэр сэдвээр илтгэл танилцуулсан. 1940-өөд онд нэхмэл эдлэл Япон Улсын экспортын голлох бүтээгдэхүүн байсан бол 1970 он гэхэд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт огцом өссөн байна. Өнөөдрийн байдлаар тус улсын голлох үйлдвэр автомашин байгаа, тус улсын автомашины үйлдвэрлэл аажим, тогтмол өсөлттэй байдаг онцлогийг хэлж байлаа. Голлох нэр төрлийн үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлийн эрэлт ямар ч түвшинд байсан тус улс тухайн салбарын ажлын байрыг хадгалах бодлогыг баримталж байдгийг танилцуулсан. 1970-аад онд япончууд тухайн салбарын хөрөнгө оруулалтыг огцом нэмэгдүүлсэн буюу шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байсан. Үүний дараа үйлдвэрлэлийн тогтолцоог сайжруулахад анхаарал хандуулж, салбарын хүний нөөцийг анхаарч, тэдгээрээс үйлдвэрлэлийн тогтолцоог сайжруулах чиглэлд гарч буй санал, санаачилгыг дэмжих ажлуудыг хийж иржээ. Эдгээрийн үр дүнд Япон Улсын автомашин үйлдвэрлэлийн салбарын хөгжил өндөр бүтээмжтэй болсон талаарх туршлагыг хуваалцсан. Үүний дараа бүтээгдэхүүн нэг бүр дээр чанар сайжруулах арга хэмжээг авч ажилласны үр дүнд тухай бүтээгдэхүүний үнэ цэн өсөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан аж.

Япон Улсын хувьд нэн тэргүүнд аж үйлдвэрийн хөгжлөө дэмжих бодлогын буюу хууль, эрх зүйн орчны дэмжлэг үзүүлсэн байна. Энэ нь 15-20 жилийн хугацаанд үргэлжилжээ. Энэ хугацаанд автомашин үйлдвэрлэлд нийлүүлэлт хийх жижиг үйлдвэрлэлүүдийг эхлүүлж, хөгжүүлжээ. Төрийн зүгээс тэдгээр үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанарыг сайжуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьж, энэ төрлийн үйлдвэрүүдэд тоног төхөөрөмжөө сайжруулахад нь зориулж хямд өртөгтэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. 1950-иад онд Япон Улсын эдийн засгийн нөхцөл амаргүй байсан ч гол зорилтынхоо хүрээнд буюу өндөр үнэтэй, сайн чанарын тоног төхөөрөмжийг АНУ тэргүүтэй улс орнуудаас худалдан авахад зориулж төрөөс валют хуваарилах, тоног төхөөрөмжийн худалдан авалтад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох гэх мэт бодлогын дэмжлэгүүд үзүүлж байжээ.

Түүнчлэн хямд өртөгтэй зээл авахын тулд салбарын жижиг үйлдвэрүүд нэгдэж, мэргэжлийн холбоод байгуулан хамтран ажиллаж эхэлсэн онцлог, үүний эерэг үр дагаварын талаар танилцуулсан юм. Төр засгаас нь тодорхой салбарыг онцгойлон бодлогоор дэмжсний өөр нэг ойрын жишээ буюу Тайландын автомашин үйлдвэрлэлийн салбарыг төрөөс бодлогоор дэмжсний амжилттай үр дагаварыг мөн илтгэлдээ дурдаж байсан. Тайланд хямд зээл биш, харин шинэ төрлийн хөрөнгө оруулалтыг урамшуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлсний үр дүнд 2000 оноос хойш өндөр өсөлттэй, үр өгөөжтэй байгаа жишээг дурдсан. Япон Улс автомашины аж үйлдвэрээ дэмжих хүрээнд сайн чанарын тоног төхөөрөмжийг нэвтрүүлсний дараа үндэсний аж үйлдвэрүүдээ дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зах зээлийг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалах шаардлага үүссэн. Үйлдвэр бүр, үндэсний хэмжээнд бүтээмжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байжээ. Тухайн үед “Шинжлэх ухаанч менежментийн арга хэрэглэх” гэдэг нэрээр Америкийн автомашин үйлдвэрлэлийн, аж үйлдвэрийн ноу-хауг нэвтрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ тэрхүү ноу-хауг шууд хуулбарлалгүй, бага багаар нэвтрүүлэх зуураа өөрийн онцлогт нийцүүлэн өөрчлөх байдлаар Японы ноу-хауг бий болгож байсныг хэлсэн юм. Аливаа төрлийн үйлдвэрлэлд сайжруулалт нэн чухал бөгөөд тасралтгүй сайжруулалт хийж байхын ач холбогдлыг тэрбээр хэлээд Япон Улсын хадаас үйлдвэрлэгч жижиг үйлдвэр урт хугацааны тогтвортой сайжруулалт, теххнологио сайжруулсаар байсны үр дүнд өнөөдөр ухаалаг гар утасны жижиг эд ангийг үйлдвэрлэдэг нийлүүлэгч болсон жишээг дурдсан. Өрхийн жижиг үйлдвэрлэл байсан ч амжилтад хүрэхийн нууц нь тогтмол сайжруулалт хийх гэдгийг онцолж байсан.

Жижиг дунд үйлдвэрийн хувьд нийлүүлэгчтэй урт хугацааны, тогтвортой харилцаа үүсгэх нь нэн чухал байдгийг онцолж, ийм харилцааны суурь нь чанартай бараа бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэл болохыг илтгэгч мөн онцлоод холбогдох жишээнүүдийг дурдаж байсан. 1970-аад оноос шинэ тоног төхөөрөмж бүхий бүтээмжтэй үйлдвэрүүдтэй болсон Япон Улс бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг мэдлэг шингэсэн үйлдвэрлэлд шилжлүүлэх бодлого хэрэгжүүлэх оролдлого хийж байсан амжилтгүй жишээг танилцуулж байлаа.

Монголчуудын хувьд өрхийн үйлдвэрлэл түгээмэл байдаг ч хамтын ажиллагаа дутмаг байдаг гэх жишээ олонтаа сонсож байснаа илтгэгч дурдаад “Тус бүрдээ үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байж болох ч үүнийг бүтээлч уулзалт зохион байгуулах гэх зэргээр нэгтгэж чадвал тэр дундаас дахин илүү амжилттай санаа “нахиалж” болох юм” гэдэг санааг дэвшүүлж байв. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд “технологи-менежмент-хөрөнгө” гэдэг хэлхээг нэн чухлаар эн тэнцүү үзэж тооцохын зэрэгцээ бүс нутгийн эдийн засаг, жижиг дунд үйлдвэр, аж үйлдвэрийн хөгжлийг цогцоор нь хөгжүүлэх тооцож, бодлогыг тодорхойлж авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэдэг санааг хэлж байв.

Японы аж үйлдвэрийн хөгжлийн туршлагыг ийнхүү хуваалцсаны дараа хэлэлцүүлэгт оролцогчид төрийн бүтэц дэх жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бүтцийн талаар, төрөөс үзүүлэх санхүүжилтийн дэмжлэгийг оновчтой, үр дүнд хүргэх туршлагын талаар, төрийн зохистой оролцооны талаар асууж, хариултуудыг авч байлаа.

Эх сурвалж: УИХ

Хотын дарга Сөүл хотын ИТХ-ын даргатай уулзлаа
Хотын дарга Сөүл хотын ИТХ-ын даргатай уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.