/2023.05.01/: Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа.
Өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
2024 оны төсөвт ДНБ-ний бодит өсөлт 6.5 хувь, инфляцийг 8 хувьд барихаар тусгажээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 21 их наяд 163 тэрбум төгрөг бол зарлагын дээд хэмжээ 22 их наяд 996.1 тэрбум төгрөг байна.
Төсвийн зарлагыг 2023 оныхоос 12 хувийн өсөлттэй байхаар тооцоолжээ. Харин алдагдал буюу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2.8 хувь, алдагдлын хэмжээ 1 их наяд 832.9 тэрбум төгрөг байна гэж төсвийн хүрээний төсөөлөлд тусгажээ.