/2022.08.08/ Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр БНСУ-ын Кёнсанбүг мужийн Захирагч Ли Чол Ү-г хүлээн авч уулзлаа.
БНСУ-ын Эрчим хүчний агентлагийн захирал Ли Сан Хун, Кёнсанбүг мужийн Хөгжлийн корпорацын гүйцэтгэх захирал Ли Жэ Хюк, Кёнсанбүг мужийн Захиргааны Эрчим хүчний аж үйлдвэрийн хэлтсийн дарга Рю Си Каб болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, ЭХЯ-ны харьяа Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Б.Алтанцэцэг нар уулзалтад оролцсон юм. Уулзалтаар Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулах "Зүүн Азийн залуучуудын II спортын наадам”-д хамтран ажиллах тухай санал солилцож, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай болон Эрчим хүчний байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр улсын харилцааны хөгжилд орон нутгийн түвшний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өдгөө Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хотуудтай найрсаг, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарч ажиллаж байгаа.
Кёнсанбүг мужтай хэрэгжүүлж буй уламжлалт харилцаан дээр үндэслэж, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой бөгөөд өнөөдрийн байгуулж буй хоёр талын хамтын ажиллагааны санамж бичгүүд бидний хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Улаанбаатар хот нь Кёнсанбүг мужтай 2007 онд анх хамтын ажиллагаа тогтоож байсан бөгөөд түүнээс хойш соёл, боловсрол, хөдөө аж ахуй, эрчим хүч, залуучууд солилцоо, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР